Хятадад нийлүүлэх манай нүүрсний экспорт 55 хувиар өсчээ

2017-05-3 Уул уурхай

Хэдийгээр манай талаас  нүүрсний  экспортын хэмжээ нэмэгдсэн ч үнийн тухайд өндөр биш байгааг бид мэднэ.  Сарын өмнө Чалко компанид өрөө төлж дууссан “Эрдэнэс-Таван толгой” компани 2016 оны есдүгээр сард тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг аравдугаар сард 33 ам.доллар, арванхоёрдугаар сард 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59,3 ам.доллар,  хамгийн сүүлд цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72,5 ам.долларт хүргэсэн.  Хэдий  оны өмнөх үетэй харьцуулвал үнэ 169 хувиар, олборлолт ч чамгүй хувиар өссөн боловч Хятадын зах зээлд худалдаалагдаж буй үнэтэй харьцуулвал Монголын нүүрс хямд хэвээр байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч нь болсон Хятадын эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд сайн байгаа тухай мэдээ зах зээлд түгж, хөрөнгө оруулагчид, түүхий  эд экспортлогчдод өөдрөг төсөөлөл авчирч байна. Урд хөрш энэ оны эхний улиралд рекорд тогтоох хэмжээгээр түүхий нефть худалдан авч, төмрийн хүдрийн импорт нь ч маш өндөр хувьтай гарчээ. Мөн монголчуудын хувьд байнга анхааран ажиглаж байдаг нүүрсний зах зээлийн хувьд 34 хувиар импорт нь өссөн байна.

Тухайлбал, Хятадын компаниуд өдөрт л 9,17 сая баррель нефтийг гаднаас импортолж байна. Нүүрсний тухайд өнгөрсөн гуравдугаар сард нийтдээ 22,09 сая тонн нүүрс импортолж авсан нь хоёрдугаар сарынхаас даруй 24 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин жилийн өмнөхтэй харьцуулвал 12,2 хувиар өссөн байна. Энэ оны эхний улирлын нийт дүнгээр нь тооцвол нүүрсний импорт 33 хувиар өсч, 64,71 сая тоннд хүрчээ.

Хятадын дотоодын зах зээлд эрэлт хэрэгцээ өндөр байгаа учраас импортын хэмжээ ч дагаад нэмэгдэж байгаа хэмээн шинжээчид хэлж байна. Харин эрэлт хэрэгцээ их байгаа энэ үе цаашид хэр удаан үргэлжлэх нь тус улсын эрх баригчид дотоодын нүүрсний уурхайнуудаа хямд өртгөөр ажиллуулах урт хугацааны гэрээ хэлцэл хийж чадах эсэхээс хамаарах аж. БНХАУ зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах шинэ төлөвлөгөөний дагуу томоохон үйлдвэр, уурхайн ажлын өдрийг жилийн 330 өдөр байсныг 276 болгон бууруулаад байсан. Гэвч энэ шийдвэрээ энэ жилдээ хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн учир дотоодын зах зээлд нь нүүрсний эрэлт нэмэгдээд байгаа аж.

Түүнчлэн Австралид болсон Дебби хар салхины уршгаар Куйнслэндийн нүүрс олборлогчид одоо хүртэл хэвийн үйл ажиллагаагаа хангаж чадахгүй байгаа. Австралийн нүүрс экспортлогчид түүхий эдээ тээвэрлэхэд бэрх байгаа энэ үе тавдугаар сард хүртэл үргэлжлэх учир эл зурвас үеийг ашиглан Хятадтай хил залгадаг манай  нүүрсний компаниуд экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэж дотооддоо ярьж буй. Хятадын гаалийн газрын дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан мэдээгээр бол манай улс өнгөрсөн гуравдугаар сард Хятадад 2,4 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55 хувиар өссөн дүн аж.

Хэдийгээр манай талаас  нүүрсний  экспортын хэмжээ нэмэгдсэн ч үнийн тухайд өндөр биш байгааг бид мэднэ.  Сарын өмнө Чалко компанид өрөө төлж дууссан “Эрдэнэс-Таван толгой” компани 2016 оны есдүгээр сард тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг аравдугаар сард 33 ам.доллар, арванхоёрдугаар сард 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59,3 ам.доллар,  хамгийн сүүлд цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72,5 ам.долларт хүргэсэн.  Хэдий  оны өмнөх үетэй харьцуулвал үнэ 169 хувиар, олборлолт ч чамгүй хувиар өссөн боловч Хятадын зах зээлд худалдаалагдаж буй үнэтэй харьцуулвал Монголын нүүрс хямд хэвээр байгаа юм.

Энэ оны эхний улиралд Хятадын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс өндөр буюу 6,9 хувьтай гарсан. Эдийн засгийн ерөнхий үзүүлэлт сайн, түүхий эдийн эрэлт ч өндөр байгаа тул энэ үеийг ашиглан манай нүүрсний компаниуд экспортын хэмжээгээ ахиулахыг хичээж байгаа.  “Эрдэнэс-Таван толгой” компани гэхэд энэ онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаас нийтдээ 11,5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын орлого олохоор төлөвлөсөн байна.  Хэрэв одоо Хятадад нийлүүлж буй нүүрсний үнийг 72 ам.доллараас нэмэгдүүлж чадвал төлөвлөснөөс ч өндөр орлого олох боломжтой юм. Харин одоохондоо бол өмнө тохирсон ёсоор дээрх үнээр нүүрсээ экспортолж байна. Хятадын дотоодын зах зээлд өөрийнх нь коксжих нүүрс дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 230 орчим ам.доллартай байгаа бол Австралийн коксжих нүүрс тонн нь 300 доллар байгаа юм. Гэхдээ энэ үнийн ихэнх хувийг тээврийн зардал эзэлдэг хэмжээн шинжээчид тайлбарладаг. Манай улсын хувьд хил гаргаад л нүүрсээ шууд худалддаг учраас тээврийн өртөг зардал шингэсэн Австралийн нүүрстэй харьцуулах аргагүй гэдэг.

Гэхдээ Австралийн нүүрс өндөр үнэтэй ч Хятадын зах зээлд байр сууриа баттай тогтоосон. Уул уурхайн салбараас их хэмжээний орлого олдог тус улсыг хятадууд ч маш их сонирхдог. Саяхан болсон Хятад-Австралийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр танилцуулсан мэдээнээс харахад 2016 онд Хятадын талаас Австралид 15,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. 2007 оноос хойшхи нийт хөрөнгө оруулалтыг тооцвол 120 тэрбум ам.доллараар яригдаж байна. Жил ирэх тусам тэрбум, тэрбумаар нэмэгдэж буй энэ хөрөнгө оруулалтын ихэнх нь гэхдээ үл хөдлөх хөрөнгийн салбарт зарцуулагдсан нь сонирхол татаж байгаа юм.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.