Зөвлөлдөх санал асуулгын талаар мэдээлэл өглөө

2017-05-1 Парламент

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, өндөрлөсөнтэй холбогдуулан өнөөдөр (2017.05.01) Ажлын хэсгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хэвлэл мэдээлэл хариуцсан дэд ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар оролцлоо.

Эхэнд нь хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийж байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тодотгож, дараа нь  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан товч танилцуулга хийлээ.

Тэрбээр, өчигдөр орой Зөвлөлдөх зөвлөлөөс бидэнд “Ямар ч байсан зөвлөлдөх санал асуулга амжилттай явагдаж дууслаа” гэсэн мэдээлэл өгсөн. Санал асуулгын үйл ажиллагаа дуусангуут Статистикийн байгууллагаас 90 хүнтэй том ажлын хэсэг гарч, санал асуулгыг энэ ордонд нэгтгэсэн. Тавдугаар сарын 06-ны дотор Зөвлөлдөх зөвлөл зөвлөмжөө УИХ-д танилцуулна. Зөвлөмжийг анхааралтай авч үзнэ. Дараа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах шат руугаа шилжинэ. Энд үндэсний зөвшилцлийн комисс гарч ажиллана. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг байгууллагууд оролцсон шүүлт дахин хийгдээд, УИХ-д өргөн барих асуудлыг ярилцана. Үүний дараа УИХ-аар нэгбүрчлэн тунгаан хэлэлцэж, хуулийн дагуу 3/2-ын санал авсан асуудал үлдэж, хамгийн сүүлд ард нийтээс асуух  шатандаа очих байх гэж найдаж байна, үүний төлөө ажиллаж байна” гэлээ.

Ийнхүү товч мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Сэтгүүлчид “Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцсэн зургаан сэдвийг хэрхэн, яаж сонгосон бэ, Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр шатлалтай танхимтай парламенттай болно гэсэн асуудлыг санал асуулгын экспертүүд хүртэл яагаад ийм асуудал оруулж ирэв гэж гайхаж байсан. Энэ сэдвийг яагаад оруулж ирсэн бэ. Хэлэлцсэн зургаан сэдвийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хар зураг гэж ойлгож болох уу” гэж асуулаа.

Асуултад Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав хариулахдаа “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, Хууль тогтоох байгууллага нь Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдвийг нийгэмд их ярьж байгаа. Энэ асуудалд ард түмний хандлага ямар байгааг тандах зорилготой оруулж ирсэн гэж бодож байна” гэж хариулсан бол УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар “Хэлэлцүүлсэн зургаан сэдвийг дөрвөн шат дамжлагаар сонгосон. Нэгдүгээрт, УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд Ардын их хурлын депутатууд, Үндсэн хууль тогтоогчид, эрдэмтэн, судлаачид өргөнөөр оролцож, энэ хурлаас энэ асуудлуудыг гаргаж ирж тавьсан. Гаргаж тавьсан шалтгаан нь сүүлийн 20-иод жил яригдаж буй засаглалын хэлбэрийг тодорхой болгох, олон толгойг нэг болгох, мөн төлөөллийн байгууллага болох Ардын их хурлыг бий болгох гэхчлэн саналууд гарсан учраас юм.

Хоёрдугаарт, Шинжлэх ухааны академиас Үндсэн хууль судалдаг бүх эрдэмтэн, судлаачдыг цуглуулан, эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Энэ  хурлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан Үндсэн хуулийн хэрэгжилтийн тайланд эдгээр асуудлууд тусгагдсан байгаа.

Гуравдугаар шатанд дээрх хоёр хурлын зөвлөмжийг үндэслээд Засгийн газар хараат бус эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг байгуулсан. Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатараар ахлуулсан Шинжлэх ухааны академийн гишүүд, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нарын хараат бус судлаачид оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүх аймгаар явж хэлэлцүүлэг хийж,  социологийн судалгаа авсан. 3617 хүнээс судалгаа авахад түрүүчийн зөвлөмжүүд дээр яригдсан 20-иод сэдэв гарч ирсэн байдаг. Засгийн газрын энэ ажлын хэсэг УИХ-д 10-аад сэдэв өгч, түүнээс УИХ-д Д.Лүндээжанцан даргаар ахлуулан байгуулсан ажлын хэсэг  зургаан сэдвийг сонгосон.

Ардын их хурал, Улсын бага хурал гэсэн хоёр шатлалтай танхимтай байхыг дэмждэг хүмүүс байна. Янз бүрийн хөдөлгөөнүүд байгуулагдаад, олон түмний ярианы сэдэв болоод байгаа энэ асуудлыг олон түмнээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас зургаа дахь сэдвийг оруулж ирсэн. Одоо дараагийн дөрөв дэх шат, шүүлтүүрээр оруулах гэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж нэг огтлоно гэдэг ийм учиртай.

Түүнчлэн, нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Санал асуулгад яг л ард түмэн цугласан. Ард түмэн зовлон жаргалтайгаа хүрэлцэн ирсэн. 21 настай залуу “Манай аав Үндсэн хуулийг баринтаглаад бурхан тахилынхаа оронд залдаг. Тэр хуулийг би өдөржин, шөнөжин уншаад ирлээ” гэж байсан бол Хөвсгөлөөс ирсэн хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүүхдээ гадаа машинд үлдээчихээд, гарч хөхүүлж байсан. Хүүхдээ хараад явж болно гэхэд “Үгүй ээ, би төрийнхөө хэрэгт заавал оролцоно” гээд оролцож байх жишээтэй. Хорихоос суллагдаад удаагүй нэг залуу “Би төрийн хэрэгт ингэж оролцоно гэж зүүдлээ ч үгүй. Төрийн сүлдэндээ залбирч явахыг бурхны номтой зүйрлэж байна” гээд яг л Монголын ард түмэн ирсэн. Зарим хүмүүс дандаа эрдэмтэн, судлаачдыг цуглуулаад ярилцахгүй яасан юм гэж байна билээ. Ухаантай хүмүүс 20 жил яриад үр дүнд хүрээгүй. Харин ард түмэн цуглаад  хэлэлцэх нь үнэхээр огшмоор байсан. Энэ хоёр өдөр нэг өвгөн бэр нь төрж, ачтай боллоо гээд баярлаж байхад нэгнийх нь төрөл садан бурхан боллоо гээд гуньж байх жишээтэй. Яг л нэг бичил ард түмэн, ард түмний хураангуй цугласан байв. Нийгмийн бүх анги, давхаргуудын төлөөл ирсэн. Ямар ч хувийн сонирхолгүй хүмүүс төрийн хэрэгтээ оролцсон” гэж ярилаа.

Дараа нь сэтгүүлчдийн асуусан “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад ард нийтээс асуух нь хугацааны хувьд амжих уу” гэсэн асуултад  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,  нийт ард түмнээс асуух шатыг болж л өгвөл зардал мөнгөө хэмнээд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болно. Үүний төлөө намууд ажиллана. Зөвшилцлийн баримт бичиг учир хугацаа ямар байхыг шуудхан хэлэх боломжгүй талаар хэллээ. Харин Г.Занданшатар гишүүн “Үндэсний зөвшилцлийн комисс гарч ажиллаад, ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн комисс, Монголбанк гэсэн зургаан газраас хуулийн хугацаандаа буюу сарын дотор санал авчихвал УИХ-д оруулж, хоёр долоо хоногийн хугацаанд дангаар нь хэлэлцэнэ. Ард нийтээс асуух хугацаа онолын хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт байх бүрэн боломжтой. Хэрвээ төрийн тогтолцоог боловсронгуй болгоё, хариуцлагыг дээшлүүлье, нэг толгойтой болъё гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжиж хийх нь тустай гэж үзэж байгаа эрдэмтэн судлаачид олон бий” гэлээ

Түүнчлэн, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Одоо бид тухайн иргэн огт мэдээлэлгүй байхдаа саналаа анх яаж өгсөн байна, мэдээлэлтэй болсныхоо дараа яаж өгөв гэдэг хоорондын зөрүүг үзээд, тухайн асуудалд хандаж буй хандлага яаж өөрчлөгдсөнийг гаргахаар ажиллаж байна. Энэ ажлаа Зөвлөлдөх зөвлөлдөө хуулийн дагуу хүлээлгэж өгөх ёстой. 29-30-ны өдрийн зөвлөлдөх санал асуулгад оролцсон хүмүүсийн статистик мэдээллийг та бүхэн сонирхож асуулаа. Үүнд хариулахад хамгийн өндөр настан нь 88, 84, 74 настай, хамгийн залуу нь 18 настай залуучууд байсан. Нийт 669 хүн оролцсоны 314 нь эрэгтэй, 355 нь эмэгтэй. 18-29 насныхан 142 буюу 21 хувь, 30-39 насныхан 184 буюу 28 хувь, 40-49 насныхан 142 буюу 21 хувь 50-59 насныхан 112 буюу 17 хувь, 60-69 насны иргэн 61 буюу 9 хувь, 70-аас дээш насны 21 хүн оролцсон байна. Цаашид мэргэжил, боловсролын түвшин, ажил эрхлэлт, гэрлэлтийн байдлаар нь судалгаа гарч байгаа. Судалгааны дүнг дэлгэрэнгүй танилцуулах болно” гэлээ.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн Г.Занданшатар, хоёр өдөр болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг сурвалжилж, шууд дамжуулж ард түмнээ мэдээллээр хангасан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн санаачилга, чармайлтыг онцлон тэмдэглэж, талархал дэвшүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.