Энэтхэгийн Кашмир мужид нэг сарын хугацаатай сошиал медиа буюу нийгмийн сүлжээг бүхэлд нь хаажээ. Facebook, Twitter, WhatsApp-аас эхлээдYouTube, Skype, Telegram, Snapchat гээд нийгмийн 22 сүлжээг бүтэн сарын турш Кашмирын иргэд хэрэглэж чадахгүйд хүрч байна. Учир нь, нийгмийн сүлжээгээр дамжуулан Засгийн газрын эсрэг олныг өдөөн турхирсан, хүчирхийлэлд уриалсан мэдээллүүдийг ихээр цацаж байна гэж мужийн эрх баригчид үзжээ.
Үнэхээр ч нийгмийн сүлжээг хаахаас өмнө кашмирчуудын дунд эрх баригчдын шударга бус үйлдэл, цагдаа цэргийнхэнтэй мөргөлдсөн, эрхээ зөрчүүлсэн тухай мэдээллүүд маш их цацагджээ. Энэ бүхэн эрх баригчдын эсрэг өдөөн хатгасан зохион байгуулалттай үйлдэл гэж Кашмир мужийн захиргааныхан үзэж байгаа ч үнэндээ өнгөрсөн онд тус мужид нөлөө бүхий бүлэглэлийн толгойлогч Бурхан Ваниг цагдаагийнхан хөнөөсний дараа иргэдийн зүгээс эсэргүүцлийн хөдөлгөөн үе үе гарах болсон байна. Энэ сарын 9–нд гэхэд цагдаа энгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, найман хүн амиа алдсан байна.
Энэ явдлын дараа хэдэн зуун оюутан гудамжинд гарч, жагсаал цуглаан хийж, цагдаагийнхны эсрэг дайрах болжээ. Гэтэл энэ явдлын зураг, дүрсийг аль аль талаас нь өдөөн турхирсан агуулгатай тайлбарын хамт олон нийтийн сүлжээгээр цацаж байгаа нь байдлыг бүр хурцатгаж, мөргөлдөөнийг газар авахуулах магадлалтай байгаа учраас нийгмийн сүлжээг хаахад хүрсэн байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.