УВСЫН ЧАЦАРГАНЫГ ГАЗАРЗҮЙН ЗААЛТАД БҮРТГҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2019-10-27 Мэдээ, мэдээлэл

Байгальд хамгийн ээлтэй модыг тарьж, ургуулан үр шимийг нь хүртэн суух Увс нутгийхан “Увс түншлэл-чацарганы баяр” ургацын баяраа тэмдэглэв.

Өдгөөгөөс дөрвөн жилийн тэртээ эл нутгийнхан хувь хувьдаа чацаргана тариалж, өөрсдийнхөө л хэрэгцээг хангадаг байж. Харин өнөөдөр нэгэн цул болж, кластер баг болсны үр дүнд чацарганаар хийсэн 40 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр зочдоо дайлж, брэндээ Европын зах зээлд экспортлох тухай хэлэлцэж сууна.

Тэгэхээр тус аймагт өгөөжөө өгсөөр байгаа чацарганы төслийг МҮХАҮТ-аас Германы ХАҮТ-ын холбоодтой хамтран дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Төслийн нэр PRO VALUE. Чацаргана болон ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар Монголын хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх том зорилготой энэ төсөл 2015-2018 онд хэрэгжээд, Европын холбооноос сайн үнэлгээ авсан тул дахин гурван жилээр сунгажээ.

Одоогийн байдлаар төслийн хүрээнд тус аймгийн 22 ААН-ийг хамруулсан чацарганы кластер баг байгуулагдан, гар нийлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тариаланчид кластер багт хамрагдсанаар тухайн секторыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаанд оролцдог болж. Үр суулгац бэлдэх, тариалах, үр шимийг нь сайжруулахын тулд төрөл сортыг баяжуулах, ургац хураах, хадгалах, боловсруулах, зарж боловсруулах гээд бүхий л үйл явцыг цогцоор нь хамтарч хийж байгаа гэсэн үг. Тэднийг ийнхүү зохион байгуулалтад орж, эхний тариалалтаас эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах хүртэл бүх үйл явцад PRO VALUE төслийнхөн дэмжлэг үзүүлж, зааж сургаж байна.

Улаангом орчимд 240 гаруй тариаланч бий. Гэхдээ төслийн үйл ажиллагаа нь зөвхөн кластерын гишүүдэд бус тухайн аймгийн нийт тариаланч үйлдвэрлэгчдийг хамруулахыг зорьдог гэдгийг МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн уг баярын үйл ажиллагааны нээлтийн үеэр онцолж байлаа. Түүнчлэн энэхүү багт нэмүү өртгийн сүлжээний шат болгоны төлөөллөөс хүмүүс байдаг аж. Тухайлбал, чацаргана тариалагч, үйлдвэрлэгч, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг захиргаа болон төрийн байгууллагуудыг нэгтгэсэн байна. Харин төслийн ахлагч, ноён Рольф Шпайт төсөл хөтөлбөрүүдийн талаар “Бид 2015 оноос Увс аймагт чацарганын кластер байгуулах сургалтаас эхлээд чацаргана тариалагчдад чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулсан. Хамгийн сүүлд гэхэд л, Танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд чацарганын аж ахуй эрхлэгчдийн хувьд хэрэгцээ шаардлагыг нь хангасан бас нэгэн ажил хийсэн нь Увс аймгийн Улаангом сумын нутагт орших Тэрэм хад орчмын усжуулалтын шуудууг сайжруулсан ажил юм. Түүнчлэн чацарганын тархац нөөцийг тогтоох, гарцыг сайжруулах чиглэлээр нэлээд судалгаа хийж байна. Одоогоор 19 сумын зэрлэг болон таримал чацарганын тархцын судалгааг хийсэн. Мөн 2016 оноос эхлэн гурван жил дараалан Улаангом сумын чацарганын тариалагчдын судалгааг авч байна” хэмээсэн юм.

Дашрамд онцлоход, ургацад нөлөөлдөг бас нэгэн чухал хүчин зүйл бол усны асуудал юм. Тиймээс энэхүү асуудлыг тал бүрээсээ шийдвэрлэж, хомсдолыг зохицуулснаар энэ намар ургац арвинтай байсныг тариаланчид дуу нэгтэй эл үеэр хэлж байлаа. Тухайлбал, Гашууны гол дагуу 44 чацаргана тариалагч бий гэнэ. Тэд жил бүр усны гачаалд орж ургацад нь нөлөөлөх явдал гардаг учир аймаг орон нутгийн дэмжлэгээр 20 хувь буюу 15 сая төгрөг, Германы ХАҮТ-уудаас 80 хувь буюу 57.3 сая төгрөг, нийт 72 сая 334 мянган төгрөгийн төсөвтэйгөөр 1200 гаруй метр газар далан, суваг шуудууны ажил хийсэн байна. Мөн Тэрэм хадны орчимд ундарга сайтай байгалийн гурван булаг байдаг ба хуучин ашиглаж байсан цөөрмийн даланг сэргээж усны хуримтлалыг нэмэгдүүлэн ажиллажээ. Зүй нь чацаргана нь гүний усыг татаж, үндсэндээ асар их ус хуримтлуулдаг. Тиймээс ойр хавийнхаа гол мөрний урсацыг сайжруулж, байгальд жинхэнэ ээлтэй мод юм.

Энд нэг зүйлийг онцлон хүргэхэд, Монголын анхны газар зүйн заалтын тэмдэг нь Увсын чацаргана нэрээр бүртгэгдэж байгаа нь энэхүү төслийн ажлын цар хүрээг илтгэж буй юм. Энэ заалтыг албан ёсоор бүртгэлжүүлэхээр МҮХАҮТ, PRO VALUE төслийнхөн ажиллаж байгаа бөгөөд бүртгэл баталгаажихад тун ч ойртжээ.

Тодруулахад, газар зүйн заалт гэдэг нь тухайн бүтээгдэхүүний бүс нутгийн газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд, тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжийг баталгаажуулсан тэмдэг юм. Дэлхий дахинд газар зүйн 10 мянга гаруй заалтыг хууль ёсоор хамгаалсан байдаг. Эдгээрээс хөгжиж буй орнуудад 10 хувь орчим нь хамаардаг бөгөөд ихэнх нь Европын холбооны улсуудад байдаг байна. Европын Холбооны газар зүйн заалтыг авснаар чацарганын бүтээгдэхүүнийг тус холбооны улсуудад экспортлох, чанар шалгуурыг хангаснаа баталгаажуулах эрх үүсэж байгаа аж. Энэ тодорхойлолтын гарал үүсэл тухайн бүс нутгийн онцлогтой уялдаж байгаа нь хамгийн чухал юм. Тус бүсэд ажиллаж байгаа тариалагчид, үйлдвэрлэгчид ЕХ-ны зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, ЕХ-нд газар зүйн заалтаа бүртгүүлэхийн тулд хамтарч ажиллах нь чухал байгаа юм.

Түүнчлэн энэхүү баярын бас нэгэн тэмдэглэлт мөч бол шилдэг чацарганатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа байлаа. Энэ удаагийн шалгаруулалтад нийт 50 гаруй ААН, үйлдвэрлэгч оролцсоноос МҮХАҮТ-ын Гран При шагналыг Увс хүнс ХХК хүртлээ. Мөн шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Ус эрдэнэ” ХХК, Чацарганатай онцлох бүтээгдэхүүнээр Шинэ ургац арвинъ ХХК, чацарганатай шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнээр Баярмаа ХХК тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм. Хувь хувьдаа тариалалт хийж, тал талд үйлдвэрлэл эрхлэх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч тарамдсан амаргүй ажил. Бас сав, баглаа, боодлоо шийдэх, бүтээгдэхүүнээ тээвэрлэх, борлуулах, хэрхэн яаж зах зээлд маркетинг хийх вэ гэхчлэн толгой өвтгөх зүйл арвин. Харин ийнхүү зохион байгуулалтад орж, кластераар ажилласнаар тэдэнд ашиг орлогоос гадна харилцан суралцах, хүрээллээ тэлэх маш олон давуу тал бий болж байгааг уг кластерын үйл ажиллагааг орон нутагтаа хариуцан, удирдан чиглүүлж яваа МҮХАҮТ-ын Увс аймаг дахь салбар Танхимын дарга С.Сэржим онцолж байна.

МҮХАҮТ нь 21 аймагт салбар танхимтай нь Германы ХАҮТ-уудын холбоонд хамгийн их таалагддаг аж. Тиймээс төслийнхөн орон нутгийн салбар танхимуудаар дамжуулан хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах жижиг төслүүд хэрэгжүүлж ирсэн. Төслийн үр дүнд орон нутгийн танхимуудын нийт гишүүдийн тоо 2006 онд 950 байснаас 2012 онд бараг 2200 болон нэмэгдсэн аж.Түүнчлэн орон нутагт 450 гаруй ажлын байр бий болсон ба 2000 гаруй иргэд төрөл бүрийн сургалтанд хамрагдан тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болох чадавхитай болсон зэрэг тоо баримтууд ихийг өгүүлнэ.

Хамгийн гол нь Увсын чацаргана, Архангайн ноосыг “барьж авч” нутгийн иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор кластер байгуулсан энэ загварыг бусад аймгийн аль ч сум шууд “хуулан” хэрэгжүүлж болно гэдгээрээ сум, орон нутгийн хөгжлийг дэмжсэн сайн жишиг болж байна.

А.Сүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.