“Facebook”-ийн дүрс бичлэг шууд дамжуулах үйлчилгээ дахиад л олон нийтийн шүүмжлэл хүлээлээ. Учир нь, Тайландын Пукет хотод нэгэн эрэгтэй төрсөн охиноо хөнөөж, дараа нь амиа егүүтгэж буйгаа Facebook-ийн “live”-аар шууд дамжуулсан нь олныг цочирдуулаад байна.
Вуттисан Вонгталай гэгч 21 настай залуу эхнэрээ хардаж уурссандаа энэ бүхнийг хийжээ. Тэр дөнгөж ой гарантай охиоо зочид буудалд дүүжилж хөнөөгөөд дараа нь өөрийгөө ч бас хороосон бөгөөд энэ аймшигт үйл явдлыг харуулсан дөрвөн минутын шууд бичлэг залуугийн Facebook хуудсанд 24 цаг шахам байсны эцэст Facebook компаниас бичлэгийг устгасан байна. Энэ хооронд 200 гаруй мянган хүн бичлэгийг үзсэн байна.
Хохирогч охины ээж бичлэгийг болсон явдлаас хойш 40 минутын дараа үзэж, цагдаад мэдэгдсэн ч бүх зүйл хожимдсон байжээ. Цагдаагийнхан ирэхэд аав охин хоёул амиа алдсан байж.
Олныг цочирдуулсан энэ явдлын дараа “Facebook” компани мэдэгдэл гаргаж, ийм явдал байж таарахгүй гэсэн боловч сүүлийн үед тус сүлжээний шууд дамжуулах үйлчилгээ цөөнгүй гэмт хэргийн гэрч болоод байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Кливлендэд нэгэн эрэгтэй гудамжинд таарсан тохиолдлын хүнийг буудаж хөнөөсөн бичлэгээ Facebook-ээр цацаж, цагдаагийнхан баривчлахаар оролдох үед өөрийнхөө амийг хороосон юм.
Мөн Шведийн шүүх өчигдөр Афган гаралтай хоёр эрэгтэйг бас нэгэн швед залуугийн хамт шүүсэн. Тэд залуу эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж буйгаа 60 мянган гишүүнтэй группт шууд бичлэгээ цацсан юм. Мөн энэ сарын эхээр үүнтэй төстэй явдал АНУ-ын Чикагод ч гарсан. 14 настай хүү 15 настай охиныг хүчирхийлэх гэж оролдож, тэр явдлаа нийгмийн сүлжээгээр цацаад цагдаад баригдсан юм.
Энэ мэтчилэн “Facebook-ийн шууд дамжуулах үйлчилгээ эгэл жирийн хэрэглэгчдийг гэмт хэргийн шууд гэрч болгох, нийгмийн сэтгэл зүйг цочирдуулах, зарим нэгэн болчимгүй этгээдүүдэд гэмт хэрэг хийх сэдэл өгөх хэрэгсэл болчихоод байна. Өнгөрсөн долоо хоногт тус компанийн захирал Марк Зукерберг ийм явдлыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ тал дээр ажиллана гэж мэдэгдсэн ч олон нийтийн шүүмжлэлийг намжааж чадахгүй байгаа юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.