“Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй”-г бий болгоно

2019-10-3 Мэдээ, мэдээлэл

Үндэсний статистикийн хорооноос “Олон хэмжээст ядуурлын үзүүлэлтүүдийг тодорхойлох” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа “Үндэсний статистикийн хороо нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явцад хийх хяналт шинжилгээнд мэдээллийн олон эх үүсвэрийг ашиглах нь төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг ажлын хүрээнд “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй”-г бий болгохоор ажиллаж байна.

Энэ ажлын нэг хэсэг болгож өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэг нь ядуурлыг олон талаас нь тодорхойлоход шаардлагатай үзүүлэлтүүдийг сонгоход чиглэгдэж байгаа учир асуудал хариуцсан яамдуудын ажилтнууд болон судлаач нар Монголын онцлогт тохирсон, ядуурлыг бууруулах чиглэлээр дэвшүүлсэн Засгийн газрын болон салбарын бодлогыг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргаж ирнэ гэж найдаж байна.

Та бүхнийг ядуурлыг олон талаас нь тодорхойлоход шаардлагатай үзүүлэлтүүдийн талаар санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээлээ.

Үндэсний статистикийн хорооноос мөнгөн үзүүлэлтээр хэмжигдэх ядуурлыг хоёр жил тутамд тодорхойлж буй бөгөөд мөнгөн бус үзүүлэлтээр хэмжигдэх Олон хэмжээст ядуурлын индексийг тооцдог болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэхүү үзүүлэлт нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд төдийгүй Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д тусгагдсан. Тиймээс уг зорилтын үр дүнг тодорхойлох шалгуур үзүүлэлт нь олон хэмжээст ядуурлын индекс болж байгаа юм.

Оксфордын их сургуулийн Ядуурал, хүний хөгжлийн санаачлагаас анх 2010 онд ОХЯИ-ийн арга зүйг боловсруулж байсан. Уг индекс нь боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны түвшин гэсэн гурван хэмжээс дэх олон төрлийн үзүүлэлтүүдийн хомсдлыг тодорхойлдог.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.