МХЕГ, Өвөрхангай аймгийн МХГ хамтран тус аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “Баярсгоулд” компанид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, байгаль орчны менежентийн төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг хугацаанд нь хийгээгүй, уурхайн хажуу, догол, овоолгуудад гарч болох нурлыг илрүүлэх үзлэг хийдэггүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамгүй, дотоод хяналтын ажилтангүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнө өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй, биелэлт ирүүлдэггүй байсан ба тус компанийн үйл ажиллагааг энэ сарын 19-ны өдрөөс эхлэн түр зогсоож, гурван экскаватор, алт угаах хоёр төхөөрөмжийг битүүмжилжээ.
Түүнчлэн Уянга суманд үйл ажиллагаа явуулж байсан “Аум Алт” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Уурхайг байнгын ашиглалтад хүлээж авах комиссын актгүйгээр олборлолт явуулсан, гүний усыг баталгаажсан тоолуургүйгээр ашигласан, ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, дотоод хяналтын журам батлуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд үйл ажиллагааг нь Улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон байна.
Уул уурхайн компаниуд дотоод хяналтын ажилтангүй, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж хэвшээгүй, овоолго, даланд үүссэн хагарал, нурлыг илрүүлэх, аюулгүй болгох арга хэмжээ авдаггүйгээс хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, осол гарах, улмаар ажиллагсдын эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлийг бий болгодгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.