Х.Баттулга: Манай хоёр орон чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа

2019-09-4 Гадаад харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар баримт, бичигт гарын үсэг зурсныхаа дараа айлчлалыг сурвалжилж буй хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийлээ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт Владимир Владимирович,

Хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,

Өнөөдөр манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр санал бодлоо солилцож чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа.

Түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид бүхэн талархаж байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм. Манай хоёр ард түмэн бол энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхдүүд билээ.

Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн монгол, зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяа үүрд дурсагдах болно.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахин, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, бид сая гарын үсэг зуран баталгаажууллаа. Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлэлийг бататгасан, хамтын ажиллагааг харилцааны шинэ эрин үед гаргаснаар улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг мөн тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Манай хоёр орны цэрэг, цэрэг техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг мөн шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна.

Ирэх онд болох Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ялалтын ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар мөн хэлэлцлээ. ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхолоо мөн илэрхийллээ.

ОХУ нь өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломж гаргаж, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2018 оны 06 дугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн  гэрээ энэ боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубино боомтыг эзэмшдэг ОХУ-ын “ФЕСКО” компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ хийж дуусгаад байна.

Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг мөн дэмжинэ гэдэгт итгэж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Оросын Засгийн газар Худалдааны Төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны төлөөлөгчийн газраа Владивосток хотноо нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж бодож байна.

Цаашид бид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан ажлын хэсэг  байгуулж өргөн хүрээнд судалгаа хийх саналтай байна. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд “Рубль, төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан” байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа.

Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлын эхний үе шат болон “УБТЗ” ХНН-тэй холбоотой онцгой албан татварын асуудал шийдвэрлэгдсэн болохыг мэдэгдэж байна.

ОХУ-ын Эрхэмсэг Ерөнхийлөгч Владимир Владимировичийн энэ удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцааг иж бүрэн стратегийн түвшинд хүргэснээр хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгааг дахин онцлон тэмдэглье. Миний урилгыг хүлээн авч, цаг зав гарган Монгол Улсад айлчлал хийсэн Ерөнхийлөгч Владимир Владимирович Танд дахин талархал илэрхийлье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь болсон гээд энэ удаагийн яриа хэлэлцээр баялаг агуулгатай, халуун дотно, өргөн цар хүрээний асуудлыг хөндсөн хэмээн дүгнэсэн юм. Улмаар Монгол-ОХУ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гарсан нь цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт ахиулах боломж хэмээн харж буйгаа илэрхийллээ. Мөн хоёр улсын худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж, энэ оны долдугаар сарын байдлаар гэхэд 12 хувиар нэмэгдсэн амжилтыг дурдаад, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа ч өргөжин тэлж байгааг ОХУ-ын төрийн тэргүүн тэмдэглээд ОХУ, Монгол Улсад геологи, газрын тос, хөдөө аж ахуйн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн нийлүүлж байгааг хэллээ. Түүнчлэн батлан хамгаалахын салбарт идэхтэй хамтран ажиллаж, терроризмтой тэмцэхэд нэгдэн ажиллаж байгаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.

Бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудалд ОХУ, Монгол Улс байр суурь нэгтэй байгааг Ерөнхийлөгч Владимир Путин тэмдэглэв.

Тэрбээр манай хоёр улс олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж НҮБ, Орос-Монгол-Хятад чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Европын эдийн засгийн холбоотой нягт хамтран ажиллах Монгол Улсын зорилтыг бид дэмжиж байгаа. Энэ төрлийн хамтын ажиллагаа манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.