Хотжилтоос үүдэлтэйгээр хүн амын дундах амьдралын уламжлалт хэвшил өөрчлөгдсөнтэй холбогдуулан халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах нь “Эрүүл хот”-уудын дунд нэн тэргүүний тулгамдсан асуудлуудын нэг байсаар байна. Халдварт бус өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад хотын хүн амын эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн үйл ажиллагаа, архи, тамхины хэрэглээг бууруулах, тэглэх стратеги, түүнийг хэрэгжүүлэх олон нийтэд тулгуурласан орон нутгийн буюу хотуудын сайн загваруудыг бий болгох нь эрүүл мэндийн асуудалд олон талын хамтын ажиллагаа, хариуцлагыг бий болгох ач холбогдолтой юм.
НҮБ-ын 2030 он хүртэл хөгжүүлэх Тогтвортой Хөгжлийн Зорилтын 11-д эрүүл, аюулгүй, тогтвортой хөгжилд ээлтэй хотыг бүтээн байгуулахаар тусгаж, улс орнуудын түвшинд тодорхой үүрэг амлалт авч ажиллаж байгаа билээ. Эл хүрээнд 2017 онд Монголын “Эрүүл хотуудын сүлжээ”, “Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв”-ийн дэргэд ДЭМБ-ын дэмжлэг дор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү нөлөөллийн ажлын сайн жишээ Сайншанд хотод ахицтай байгаа юм. Тус хот нь өнгөрөгч тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын “Эрүүл хотуудын сүлжээ”-ний үйл ажиллагаанд оролцон хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран хамтран ажиллахаар болжээ.
Мөн тус сүлжээний үйл ажиллагаанд санаачлага гарган ажиллаж байгаа Дархан-Уул аймаг “Салбар дундын хамтын ажиллагааг дэмжсэн Эрүүл хот”, Чойбалсан – “Амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлсэн Эрүүл Хот”, Даланзадгад – “Биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжсэн Эрүүл Хот”, Сайншанд – “Тамхигүй Эрүүл хот”-оор үндэсний хэмжээнд загвар хот болон ажиллаж буй юм.
Түүнчлэн Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв”-өөс тамхигүй орчин санаачилгыг хэрэгжүүлж, ирээдүйд бүх ажлын байрыг тамхины утаанаас ангид болгох зорилгоор Тамхидалтын эсрэг хувьсгалыг эхлүүлээд байна.
Үүний нэгэн сайн жишээ нь Сайншанд хот өнгөрөгч оны долдугаар сард “Тамхигүй хотуудын Азийн сүлжээ”-нд нэгдэн “Тамхигүй хот”-ын үүрэг амлалт авч, төрийн бус байгууллага, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийт рүү чиглэсэн цогц ажлыг хэрэгжүүлж байгаа юм. “Эрүүл хотуудын сүлжээ” байгууллагаас тус хотод ажиллаж, Хамарын хийдийг тамхигүй аялал жуулчлалын бүс болгох санаачлагад нэгдэхийг уриалж, тамхины хор уршиг болон дам тамхидалтын нөлөөг ойлгуулах сургалт зохион байгууллаа.
Үүний үр дүнд Хамарын хийдийг манай улсад анх удаа Тамхигүй-Аялал жуулчлалын бүс болгож, тэнд байрлах тамхи борлуулдаг цэгүүдийн тоог бууруулжээ.
Сайншанд хот жилд дөрвөн өдрийг “Архигүй, тамхигүй, автомашингүй” өдөр болгон тэмдэглээд хэдийнэ хоёр жилийг ардаа орхижээ. Мэдээж эдгээр өдөр хүүхдүүдийн хамгийн ихээр тэсэн ядан хүлээдэг мөч болжээ. Мөн тус хот нь өнгөрөгч аравдугаар сарын 26-ны өдөр “Тамхидалтын эсрэг хувьсгал-Тунхаг бичиг”-т гарын үсэг зурж “Тамхигүй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.