Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Тайвань Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Ли Чиун Су тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар гэр бүл, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Манай хоёр улсын харилцаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гээд олон салбарт амжилттай өрнөж байгаа ч нийгмийн хамгааллын хамтын ажиллагаа төдийлөн сайн биш. Энэ удаагийн парламент хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүнтэй. Бид хүүхэд, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарч, нам харгалзахгүй нягт хамтран ажилладаг. 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан, хэрэгжүүлж байна. Гэр бүл салалтын тоо их байгаа нь залуучуудын харилцаа, хандлагатай холбоотой. Мөн нийгмийн байдал, архидалт зэрэг нөлөөлдөг. Иймд бид залуучуудад гэр бүл төлөвлөлт, харилцаа хандлагын талаарх мэдлэг, мэдээлэл олгоход анхаарч ажиллаж байна” гэлээ.
Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Ли Чиун Су энэ удаагийн айлчлалын хүрээнд өөрийн улсын нийгмийн хамгааллын салбарын ололт амжилт, сайн туршлагаасаа хуваалцах зорилготой байгаагаа танилцуулав.
Тэрбээр, “Манай улсын хувьд нийгмийн ажилтнуудыг чадавхжуулахад онцгой анхаардаг. Өнгөрсөн онд Гэр бүлийн боловсролын тухай хуулийг баталсан. Дүүрэг, хороо бүрт нийгмийн ажилтныг ажиллуулж, залуучуудад гэр бүл болохоос нь өмнө заавал гэр бүл төлөвлөлтийн талаарх тусгай сургалтад хамруулахаар зохицуулсан. Ингэснээр залуу гэр бүлийн салалт багасна гэж үзэж байгаа. Урьд нь бид зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг нийгмийн үйлчилгээнд хамруулдаг байсан бол одоо хүчирхийлэл үйлдэгч нарыг албадан сэтгэл зүйн болон бусад эмчилгээ, сургалтад хамруулахад анхаарч байна. Мөн хүүхдэд багаас нь насны онцлогт тохируулан аливаа хэлбэрийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгдөг. Хүүхдүүд өөрт болон хөрш айлд нь болж байгаа бүх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлдэг болсон. Хамгийн чухал нь цагдаа, нийгмийн ажилтнууд хувь хүний мэдээллийг маш сайн хамгаалдаг байх ёстой” гээд нийгмийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус улсын хууль эрх зүйн тогтолцоо, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны туршлагаас судлах, цагдаа, нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.