Энэ бол өвөрмонголчуудын хийдэг ааруул. Маш гоё хайрцаг савтай, дотроо чихэр шиг тус бүрдээ ууттай, бас аньс нэрс гээд олон төрлийн жимсний сонголттой. Гэхдээ яг хэрэг дээрээ хуурай сүүгээр хийдэг тул аарцны үл ялиг исгэлэн, сүүн амт дутагдана. Мөн сүүний найрлагад ордог амин дэм, уураг, антибиотик, нүүрс ус, эрдэс бодисууд манай монгол ааруултай харьцуулахад бага гэдэг.
Гэхдээ малын сүүн амттан гээд өвөрмонголчууд төдийгүй хятадууд ч дуртай иддэг, олон улсын бүтээгдэхүүний худалдаа, үзэсгэлэн ЭКСПО-гийн үеэр гадаадынхан их сонирхож байгаа нь илт байв.
Манайхны ааруулын амт сайхан, ямар ч химийн найрлага, хольцгүй, цэвэр органик боловч гадаад үзэмж, сав баглаа боодол нь тийм ч сайн биш. Алимны хайрцагт ааруулаа хийж аваачаад, хэр тааруухан цаасан уут эсвэл гялгар хүүдийнд савлаад зарах, үйлдвэрийн савлагаа, баглаа боодолтойгоор зах зээлд гаргах хоёр өдөр шөнө шиг ялгаатай.
Аливаа бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол нь тухайн зүйлсийн чанарын баталгаа төдийгүй хэв шинж, донж маяг, үнэ цэнэ, соёл гээд бүхий л философийг агуулж байдаг.
Уламжлалт аргаар ааруул хийх ажлыг хөнгөвчлөн үйлдвэрлэлийн чанартай болгоход өвөрмонголчууд маш ихийг сэдэж байна. Тэдэнд технологи байгаа бол бидэнд цэвэр түүхий эд болох үнээний сүү, бас үе дамжин хадгалж ирсэн гар технологи бий. Хамгийн гол нь бүтээгдэхүүнээ сурталчлах, давуу талыг ойлгуулах, улмаар гоёмсгоор савлаж үнэ цэнэ оруулах хэрэгтэй байна. Юмаа заръя гэвэл ялгаа энд л байна. Харин дээрх аньсны зураг бол бас л нэг маркетинг санагдсан. Үнэн хэрэг дээрээ аньс жимс хольсон эсэх нь сонин биш.
Орос чихрийг орлуулж болох ааруулыг орчин цагийн сүүн чихэр болгон үйлдвэрлэх боломжийг үйлдвэрлэгчид шүүрэн авч, өөрсдийн бүтээгдэхүүний нэр хүнд, өртгийг нь өсгөөсэй.
Э.Адъяа
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.