Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгтэй хамтран хоёр орны Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 25 жилийн ойн хүндэтгэлийн ёслолыг Бээжин хотноо зохион байгуулав.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 25 жилийн ойд зориулж БНХАУ-ын ГХЯ-ны Тамгын газрын захирал Хань Жичян Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн илгээлтийг, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын илгээлтийг танилцуулав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илгээлтдээ, Монгол Улс БНХАУ-тай 1949 онд дипломат харилцаа тогтоон эрх тэгш харилцаж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд хоёр талын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, “бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд үлгэр жишээ” харилцаа болон гүнзгийрэн хөгжиж буйг онцолжээ. Мөн талуудын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь “хөгжлийн төлөөх харилцан ашигтай, түншлэлийн харилцаа”-ны үзэл санааны дагуу өнөөгийн хүрсэн амжилтыг улам бататган, ард түмнүүдийн найрамдал нөхөрлөл, итгэлцэл ойлголцол улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И илгээлтдээ, “БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай сайн хөрш орнууд. Сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа хөгжлийн хурдацтай үед орж, дээд түвшний харилцан айлчлал, солилцоо нягт байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, иргэд хоорондын солилцоо тогтмолжиж байна. Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эхлэл, чухал боломжууд бүрдэж байгааг тэмдэглэж, Монголын талтай хамтран хөгжлийн боломжийг ашиглан өнөөгийн хүрсэн ололт амжилтын үндсэн дээр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ нөхцөл байдалд тулгуурлан хөгжүүлэхэд бэлэн” гэжээ.
Гадаад харилцааны сайд нар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний үзэл санааны дагуу хоёр орны харилцаа хөгжиж, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгаж, талуудын хамтын ажиллагаа, харилцааг шинэ шатанд гаргахад нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Мөн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Ардын Улс Төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Сү Хуйтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Ёслолд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-ын Ардын Улс Төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Сү Хуй болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Боловсролын яам, Батлан хамгаалахын яамны 130 гаруй төлөөлөгч оролцжээ.
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.