“Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын бага хуралд оролцож байна

2019-04-30 Гадаад харилцаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо 2019 оны дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн олон улсын бага хуралд оролцож байна.

Гадаад харилцааны сайд тус бага хурлын нээлтийн ажиллагаанд үг хэлж, “Олон улсын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь “Бүс ба Зам” санаачилгын амжилтын үндэс” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцон, бага хурлын төлөөлөгчидтэй Торгоны замын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагыг харилцан уялдаатай хялбаршуулах саналыг дэвшүүлж, хэлэлцүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.

Торгоны замыг дэмжих бүлгийн олон улсын энэ удаагийн бага хуралд Австри, Азержбайжан, Беларусь, Монгол, Итал, ОХУ, Серб, Швейцарь, Турк зэрэг 10 гаруй орны парламентын гишүүд, бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Торгоны замын дагуух орнуудын хөрөнгө оруулалт, дамжин өнгөрөх тээвэр, аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Бага хурлын дүнгээр төлөөлөгчдийн сонирхол, байр суурийг нэгтгэсэн Минскийн тунхаглал гаргах юм.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.