Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ

2019-04-23 Мэдээ, мэдээлэл

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ.

Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулах юм.

“Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүний танхимын команд штабын дадлага, сургуулиар үргэлжилнэ.

Харин энэ сарын 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Энэ хугацаанд Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хаах ба 10:00 цагт ажил эхэлнэ.

Харин дадлага сургууль газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дууриалган үзүүлэх дадлага сургуулиар үргэлжлэх юм.

Энэ сарын 26-нд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.