Бид ээлжит зочноороо “Ямх охин” брэндийг үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсарыг урилаа. Тэрбээр 1-6 настай хүүхдийн танин мэдэхүйн чадварыг дээшлүүлэх, хүмүүжлийн ач холбогдол бүхий эсгий номыг хийдэг. Номны хуудсууд нь гараар нэхэх үдэх, товч товчлол, тоо тоолол, цагаан толгой, өнгө зэрэг хэсгүүдээс бүрддэг.
Энэхүү бүтээлч ном нь хүүхдийн тархи сэтгэхүйг хөгжүүлээд зогсохгүй, гарын булчинг ажиллуулж зүгшрүүлэхэд онцгой нөлөөтэй. Ямх охин брэнд бүтээлч номнуудаас гадна урлалын эсгийгээр ханын чимэглэл, хавчуурга, зургийн жааз, бусад бэлэг дурсгалын зүйл хийдэг. Ямх охин брэндийн фэйсбүүк пэйжээс түүний бүтээлүүдтэй дэлгэрэнгүй танилцаж болох юм.
– “Ямх охин” брэндийг үүсгэх санаа хэзээнээс төрөв, зах зээлд хамгийн анх энэ бүтээгдэхүүнийг бий болгосон уу?
– Би МУИС-ийг хэл, бичгийн багш мэргэжлээр дүүргэсэн. Энэ нь хүүхдүүдтэй ажиллах, бүтээлч ном зохиох, түүнийгээ илүү сонирхолтой, боловсронгуй болгох эрэл хайгуул хийхэд дөхөмтэй болсон. Охиноо найман сартай байхад хөвөн даавуугаар анхны номоо бүтээсэн. Гэсэн ч даавуу нь миний төсөөлсөн номыг гаргахад тохиромжтой биш байсан. Ингээд урлалын эсгийг бүтээлдээ ашиглах санаагаа олж авсан. Зөөлөн, хатуу, зузаан, нимгэн төрөл бүрийн эсгий миний урлалын гол түүхий эд. Брэндийг бий болгосон цагаас эхлээд хөөрхөн хүүхдүүдийн баяр талархлаар бизнес маань улам бүр өргөжиж байна.
– Эсгий номоос гадна бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийдэг гэж байна, хамгийн сүүлд ямар уран бүтээлд төвлөрч байна вэ?
– Хуримтлалтын хайрцаг эсгийгээр хийсэн. Хүүхдүүд шаазан юмуу бусад материалаар хийсэн мөнгөний гахайд мөнгө цуглуулдаг шүү дээ. Түүнийг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эсгий материалаар орлуулж, өөрсдөө эвлүүлж бүтээхээр шийдсэн байгаа. Тухайн хүүхдийн нэртэй, цор ганц давтагдашгүй, бас бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байгаа гэдгээрээ давуу талтай.
– Өөрөө МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төгсөгч юм байна. Бизнесээ эхлэхэд мөн өргөжүүлэхэд тус төв хэрхэн дэмжлэг үзүүлсэн бэ?
– Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь бизнесийн санаагаа олсон болон бизнесээ өргөжүүлэхийг зорьж буй эмэгтэйчүүдэд тусалдаг. Манай төв нь өргөн хүрээний сургалтыг санал болгодог. Хамгийн гол нь миний хүсэл сонирхолд төвлөрч, бизнесийг маань урт хугацаанд харсан нь маш дэм болсон. Инкубаторын хөтөлбөр нь бизнес эрхлэгчдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг.
Өмнө нь өдөрт нэг ном бэлэн болгодог байсан бол тус хөтөлбөрт хамрагдсанаар оёдлын болон хатгамлын машин худалдан авч, дэлгүүрийн захиалга авах хэмжээнд хүрсэн. Өөрийн жижиг студийг бий болголоо.
Мөн инкубаторын төгсөгч н.Оюун-Ундрах, Э. Болорчимэг, Б.Мөнхтөртөй хамтран тоглоом үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
– Цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцана уу?
– Миний гол зорилго бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролыг нэмэгдүүлэх. Бүтээгдэхүүн маань нарийвчилсан, гар ажил шаарддаг. Бүтээлч ном хүүхдүүдийн бүтээлчээр сэтгэх, сурч боловсрох хэрэгцээг хангаж, хариуцлагатай байх чадварыг нэмэгдүүлнэ. Номыг аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартад нийцсэн материалаар хийсэн байх ёстой. Тиймээс зөвхөн улсын хяналтын газраас хянагддаг дэлгүүрүүдээс худалдаж авдаг.
Цаашдаа бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, хүүхдийн боловсрол, хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлээ гүйцэлдүүлсээр байх болно.
– Баярлалаа. Амжилт хүсье.
Ярилцсан Д.Золжаргал
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.