ОХУ-ын Төв банк ам.долларын нөөцөө багасгав

2019-04-5 Ертөнц

ОХУ-ын Төв банк 2018 онд 274 тонн алт худалдан авч нөөцөө нэмэгдүүлсэн болохыг Дэлхийн алтны зөвлөлийн статистик харуулж байна. Тус улс сүүлийн 10 жилийн хугацаанд алтны нөөцөө дөрөв дахин нэмэгдүүлснээс 2018 онд нөөц хамгийн их дүнгээр өсжээ.

Өнгөрсөн оны алт худалдан авалт ОХУ-ын уурхайнуудын хийсэн нийлүүлэлтээс давж гарсан байна. Үүнээс харахад ОХУ Төв банкны нөөцдөө ам.доллароос илүү алтыг байлгах сонирхолтой байгаа нь илэрхий байна гэж шинжээчид дүгнэж байна. Тус улсын Төв банкны нөөцийн 19 хувийг алт эзэлдэг болсон нь 2000 оноос хойших хамгийн өндөр дүн болоод байгаа юм. Харин нөөцөд эзлэх ам.долларын хувь 2017 онд 46 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 22 хувь болж буурчээ.

ОХУ цаашид алт худалдан авалтаа өнгөрсөн оны түвшинд хадгалж чадах уу гэсэн асуулт дэвшүүлж байна. АНУ-тай харилцаа муутай байгаагаас шалтгаалаад алтыг зөвхөн дотоодоосоо худалдан аваад зогсохгүй нэмж импортоор авч магадгүй гэж таамаглаж байна.

ОХУ ам.долларын нөөцөө хязгаарлах бодлого барьж байгаа ч түүхий эд экспортолдгоос шалтгаалан ам.долларын нөөц нь өндөр байх магадлалтай гэдгийг мөн онцолжээ.

Тус улс жилд 600 тэрбум ам.долларын худалдаа хийж байгаагаас 75 хувь нь ам.доллароор хийгдэж байгаа юм. Алтны ханшийн тухайд 2016 оны эхэн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өсөж, 1290 ам.доллар хүрээд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.