Б.Батсүх: Биднийг цагдаа нар танхай балмадаар баривчилсан

2019-04-1 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал


“Гэр хороолол” хөдөлгөөнийнхөн өнгөрөгч баасан гаригт олон нийтийн жагсаал хийж, хугацаагүй суулт зарласан юм. Тэд улбар шар майхнаар жигдэрч, төв талбайд суулт зарлан хоноцгоосон аж. Тэдний зүгээс “Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих, хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьсан юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэхийг нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д өгсөн шаардлагынхаа хариуг нэхэн ийнхүү тайван жагсаал хийсэн юм. Гэвч уг тайван жагсаалд оролцогчдод цагдаа нар хүч хэрэглэн тараасан талаар тус  хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр “Бид Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн. Нөгөө талаас төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Иргэд дуртай үедээ халуун усанд ордог больё, Бидний хашаа руу инженерийн шугам сүлжээ татаж өгөөч гэх мэт өөрсдийнхөө амьдралыг ярьж л жагссан. Бусдаар ямар ч улс төр яриагүй. Баасан гаригийн өглөө 11.00 цагт бидний жагсаал эхэлсэн. Манай гишүүд “Хугацаагүй суулт зарлая. Тэгвэл бидэнд хариу өгөх байх” гээд майхан барих гэж үзсэн. Гэвч майхнаа барих гэхэд цагдаа нар бөөнөөрөө гарч ирэн майхныг маань урж, хурааж авсан. Бид энэ бүхнийг фэйсбүүкээр лайв хийн тухайн нөхцөл байдлыг харуулсан. Тэгээд бид баасан гаригтаа хоносон. Ямар нэгэн зүйлийг иргэдэд турхиран нийгэмд эмх замбараагүй байдал бий болгох гэж оролдоогүй. Тус тусын майхандаа суун өөрсдийнхөө ахуй амьдралыг ярин хариу хүлээж суусан. Гэтэл бямба гаригийн орой 21.00 цагийн орчимд нийслэлийн цагдаагийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы хууль бус захирамжийг танилцуулсан. Уг захирамжид “Нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгож, хэв журам алдагдуулсан хууль бус эдгээр хүнийг албадан хүч хэрэглэж тараа” гэсэн байсан. Ингээд 23.00 цагт олон цагдаа нар ирж автобустай зам хааж, биднийг танхай балмадаар баривчилсан. Улаанбаатарчуудын 80 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын иргэд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж, амьдрал ахуйгаа дээшлүүлье хэмээн ярьсны төлөө цагдаа нар нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болголоо гээд хувцсыг нь урч тасдан чирж, биед нь гэмтэл учрууллаа. УИХ-ын гишүүд нь 40-50-аараа нийлээд талбай дээр гэр барин сар жагсаал цуглаан хийж, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж, эрх мэдэл, эд баялаг булаалдан тэмцэх нь шударга ёс болдог, гэр хорооллын иргэд өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлье гэх нь яагаад шударга бус явдал болдог гэдгийг гайхаж байна. Бид эрхээ нэхнэ. Суулттай холбогдуулан биднийг онлайн ертөнцөд гүтгэх харлуулах ажиллагаа хэрээс хэтэрсэн. Бид үүнийг ажиглаад сууж байгаа. Цагдаагийн байгууллага энэ цаг мөчид хэвлэлийн бага хурал хийж байгаа. Тэд бидний суултыг хууль бус гээд эвлүүлсэн бичлэг цацах юм шиг байна лээ. Цагдаагийн байгууллага бичлэг эвлүүлж цацаж иргэдийнхээ эсрэг нийгмийг эмх замбараагүй байдалд турхирдаг болсон байна. Талбай дээр хугацаагүй суулт хийж байсан 20 гаруй хүнийг хэрхэн яаж албадан тарааж хүч хэрэглэн майханг урж байгаа бичлэгээ нэр бүрчлэн дэлгэхийг шаардана” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.