• Америкийн зээлийн хүү өндөр байгаа нь юм бүхэнд нөлөөлж байна •
Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр АНУ-ын Холбооны Нөөцийн Систем (ХНС) дахиад бодлогын хүүгээ өсгөсөн бөгөөд 2,25 хувь гэдэг нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш 10 жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Америкчууд бодлогын хүүгээ өөрчилсөн байхад яагаад дэлхий даяар шуугидаг болон АНУ-ын зээлийн хүү өндөр байхад Орос улсад ямар аюул нүүрлэж байна вэ гэдгийг авч үзье.
ХНС-ийн хүү гэж юу вэ?
Юуны өмнө ХНС-ийн мэдэлд хэд хэдэн өөр өөр хүү байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга дурдагдаж байдаг хүү нь (Холбооны сангуудын тусгай хүү, Fed Funds Rate) Америкийн Төв банкны шууд зээлийн хэрэгсэл биш юм. Энэ хүүний учир юу вэ гэвэл АНУ-ын бүх банкнуудыг ХНС-д өөрийн хөрөнгөө байршуулахыг шаарддаг байна. Байршуулсан хөрөнгөнийхөө илүүдэл мөнгийг нь нэг хоногоос илүүгүй хугацаагаар бие биедээ зээлж болно. Энэ зээлэнд тогтоосон хүү нь ХНС-ийн хамгийн алдартай хүү бөгөөд энэ хүүгээр хамгийн бага орлого олдог аж.
Санхүүгийн зах зээлд багагүй чухал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бага дурдагддаг бусад хүү бий юм. ХНС-ээс шууд банкуудад олгох зээлийн болон РЕПО-ийн зээлийн хүү нь Холбооны сангуудын тусгай хүүгээс ойролцоогоор хоёр хувь өндөр байдаг. Эцэст нь зах зээлийн хүү, жишээлбэл харилцагчдаас авах хүүг (prime rate) тухайн санхүүгийн байгууллагууд өөрсдөө тогтоох бөгөөд энэ хүү нь суурь хүүтэй уялдаатай байдаг байна.
Ийм байдлаар ХНС санхүүгийн бүх системийг зохицуулдаг юм. Суурь хүү бага үед банкууд бодит эдийн засагт зээл өгөхдөө дуртай байдаг бөгөөд хүү нь бага байдаг байна. Энэ нь нэг талаас эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нөгөө талаас инфляцийг хөөрөгддөг. Суурь хүүг өсгөх нь зээл өгөх явдлыг багасгаж, эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулж, үнийг өсгөхөд хүргэдэг байна.
Одоо хүү хэр өндөр байна вэ?
Энэ удаа бодлогын хүүгээ нэмсэн нь 2015 оны сүүлээс хойш найм дахь нэмэлт юм. ХНС-ийн удирдлагууд, Жанет Йелленийг Жером Пауэллаар сольсон ч гэсэн мөнгө-зээлийн бодлогоо чангаруулах талд эргэлзээгүй явж байна. Өмнө нь долоон жилийн турш хүү хамгийн доод түвшинд байсан юм – 0–0,25 хувь. Өөрөөр хэлбэл ХНС нь мөнгийг бараг хүүгүй тарааж байлаа.
Энэхүү онцгой бодлого нь урьд өмнө байгаагүй гүнзгий хямралаас үүдэлтэй байв. ХНС хүүг тэг болгож бууруулаад зогсохгүй мөн облигацын томоохон худалдан авалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд уналтаас эдийн засгийг хамгаалахын тулд бүгдийг хийж байлаа. Хөрвөх чадвар нь бараг үнэ цэнэгүй болсон ч эдийн засаг нь сул хөгжсөн хэвээр байсан юм – өсөлт жилд 2 хувиас бага байв. Хүн ам хурдацтай өсөж байсан АНУ-ын хувьд энэ нь маш чамлалттай тоо юм.
Сүүлийн арван жилийн дунд үеэс эхлэн эдийн засаг сайжирч эхлэв. Энэ үеэс эхлэн ХНС хүүг бага багаар нэмж байсан юм. Одоогийн байдлаар нөхцөл байдал бараг хэвийн болсон байна. АНУ-ын ДНБ-ий өсөлт 4,2 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 4 хувиас бага болжээ. Энэ тоо баримт нь эдийн засгийн хэт халалтаас үүдэлтэй байж болох учраас санхүүгийн илүү чанга бодлогоор “хөргөх” шаардлагатай байж болох юм.
Гэсэн хэдий ч, түүхээс үзэхэд одоогийн хүүгийн түвшин бага билээ. 2008 он гэхэд жилийн 5 хувь буюу одоогийнхоос хоёр хагас дахин их байлаа. Тэгэхээр цаашид хүүг нэмэх бүх үндэслэл байна гэж үзэж болно. Түүнээс гадна хүүгийн талаар шийдвэр гаргадаг нээлттэй зах зээлийн хороо нь “хэн бүхэнд үйлчилдэг” мөнгө-зээлийн бодлого дууссан гэж мэдэгджээ. Инфляцийг хөөрөгдөж, эдийн засгийн хэт халалт үүсэх аюулыг Нью-Йорк ойлгож байгаа бөгөөд эдгээр үзэгдэлтэй тэмцэхийн тулд бүхнийг хийх юм.
ХНС хүүг нэмэхэд дэлхий дахинд ямар үр дагавартай вэ?
Хүүг өөрчлөх нь ганцхан Америкийн эдийн засагт нөлөөлсөнөөр хязгаарлагдахгүй юм. Үнэт цаасны америкийн зах зээл нь тасархай том бөгөөд хамгийн хөрвөх чадвартай учраас, АНУ-ын эдийн засаг дэлхий дахины эдийн засгийн 20-оос илүү хувийг эзэлдэг учраас доллар нь ихэнх орны үндсэн нөөц валют болдог бөгөөд үр дагавар нь хаа сайгүй мэдрэгддэг байна.
Өндөр хүүтэй гэдэг нь АНУ-ын Засгийн газрын бонд, бусад үнэт цаас өгөөж өндөртэй гэсэн үг юм. Түүхээс харахад хөрөнгө оруулагчдад Америк нь “тайван боомт” (хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж болох бодит ба санхүүгийн хөрөнгийг ингэж нэрлэдэг) учраас хүү өсөхөд тэд АНУ-д хөрөнгө оруулах сонголтыг идэвхтэй хайж эхэлдэг байна. Үүнээс үүдэн бусад орны зах зээлээс мөнгө татагдах бөгөөд доллар бэхжиж, бусад валют хямдарч эхэлнэ. Бусад зах зээлийн хөрвөх чадвар муудаж, улмаар тэдний эдийн засгийн өсөлтөд аюул заналхийлэл үүснэ.
Ихэнхдээ ийм хэлбэлзэл нь байгалийн баялгийг нийлүүлдэг улс орнуудад мэдрэгддэг байна. Доллар өсөхөд газрын тосны үнэ ихэвчлэн буурдаг. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан олон хувиар хямдарч болно. Газрын тосны үнэ унахад экспортлогч орны үндэсний валют ч, хөрөнгийн зах зээл ч бас унана.
Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал нь “тайван” гэж нэрлэгдэх ямар ч боломжгүй байна. Хөгжиж буй орнууд гадаад, дотоодын олон асуудалтай байдаг. Ихэнх хөрөнгө оруулагчдыг протекционизмын (дотоодын зах зээлийг гадаадын өрсөлдөөнөөс тодорхой хязгаарлалттай системээр хамгаалах бодлого) өсөлт, бусад орнууд аажмаар татагдан орох боломжтой АНУ, Хятад хоёрын хооронд болж байгаа худалдааны дайн санаа зовоож байна.
Жилийн эхнээс үнэ цэнийхээ талыг тавиад туусан валюттай Аргентинд л гэхэд аль хэдийн жинхэнэ хямрал эхэлсэн байна. ОУВС Аргентины эдийн засгийг аврахаар шийдэж, 57 тэрбум доллар гаргах гэж байгаа юм. Одоогоор энэ нь түүхэн дэх хамгийн том тусламжийн хөтөлбөр аж. Туркэд мөн адил байгаа юм. Лира эрчимтэй унаж байна, улсын бонд нь рейтинг байхгүй “хог”-ийн зэрэгт орсон байна, инфляци нь жолоодлогогүй болж, 20 хувь хүрсэн байна.
Эдгээр үйл явдлын дэвсгэр дээр цаашид ХНС хүүг нэмэх нь хөгжиж буй зах зээлд гойд аюул учруулах болно. Газрын тосны үнээс хамааралтай Оросын хувьд нөхцөл байдал аймшигтай харагдаж байна.
Айх хэрэг байна уу?
Одоо цагт гадаад худалдааны тэнцвэр сайн, төсвийн баланс эерэг, гадаад өр багатай Оросын хувьд өнөөгийн гадаад эдийн засгийн байдал биш, харин дотоод үзүүлэлт л аюултай юм. Эдийн засгийн өсөлт сул хэвээр – 2 хувиас бага, мөн хөдөлмөрийн бүтээмж хурдацтай нэмэгдэж байгаа нь харагдахгүй байна, экстенсив (эхлээд байгалийн нөөц баялгаар, дараа нь хөдөө аж ахуй эрхэлж хөгждөг) хөгжлийн боломжууд нөөцөө шавхаж байна. Эрчимтэй эдийн засаг руу цойлж гарахгүй юм бол орон нутгийн болон Америкийн санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанаас үл хамааран Орос улс зогссон хэвээр байх болно.
Дмитрий Мигунов
Эх сурвалж: https://iz.ru/794663/dmitrii-migunov/v-plenu-niu-jorka-chem-grozit-rossii-i-miru-povyshenie-stavki-frs
Товчлон орчуулсан Д.Баярцэнгэл
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.