МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо

2019-03-1 Мэдээ, мэдээлэл

 

МҮХАҮТ-ын ХХ Их хурлаар болсон удирдлагын багийг сонгох сонгуулиар Танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо.

Тэрdээр 600 гаруй төлөөлөгч оролцсон Их хурлын үеэр болсон санал хураалтаар хамгийн олон санал буюу 259 төлөөлөгчийн санал авсан юм. Харин удаах саналыг тус танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Лхагважав 127 төлөөлөгчийн итгэлийг хүлээсэн байна. Түүнчлэн “Ард” санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг 73, “Буян” ХК-ийн захирал Б.Жаргалсайхан 25 төлөөлөгчийн санал тус тус авчээ. Харин “Өгөөж чихэр боов” ХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэрээ татжээ.

Ийнхүү өчигдөр 10.30 цагт эхэлж, 11.30 цагаас хаалттай байдалд шилжиж шөнийн 03.20 цаг хүртэл үргэлжилсэн МҮХАҮТ-ын ХХ Их хурал Танхимын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг хэлэлцэж, удирдах дээд байгууллагын үйл ажиллагааг дүгнэн, тайлант хугацаанд хийсэн ажлыг үнэлж, ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлсон байна.

Ирэх дөрвөн жилд Танхимын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах удирдлагаар сонгогдсон “UFC групп”-ийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм. Тэрээр өмнөх Их хурлаар мөн Танхимын удирдлагад нэр дэвшин өрсөлдөж байсан юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ мэдэгдэж байсан юм. Тэрээр олон мянган бизнес эрхлэгчийг төлөөлдөг МҮХАҮТ аж ахуйн байгууллагын үйл ажиллагаа эрхлэхээс хэтрэхгүй байна хэмээн шүүмжилж, “Танхим нь бизнесийнхнийг хамгаалж, өмгөөлдөг төлөөллийн байгууллага байх ёстой, үүнээс ажлаа эхэлнэ. Танхимын энэ үүргийг илүү улам тодотгон ажиллана” гэдгээ мэдэгдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.