АТГ: Мэргэжлийн хяналтынханд хяналт тавин ажиллаж байна

2019-02-28 Мэдээ, мэдээлэл
 

 

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээнд АТГ хяналт тавин ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдээс АТГ-т ирүүлж байгаа гомдол мэдээллээс үзвэл энэ төрлийн үйлчилгээ авахад бичиг баримтын бүрдүүлэлт нь томоохон бэрхшээл, дарамт учруулдаг ажээ. Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд очиход нэмэлт материал шаарддаг. Бичиг баримтын хуулбар гэж заасан байх атал заавал нотариатаар баталгаажуулсан байх, орчуулсан байх, орчуулгын товчооны тамгатай байх зэргээр бүрдүүлэх материалын жагсаалтад дурдаагүй зүйлийг шаарддаг. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчид нааш цааш олон удаа явах, цаг хугацаа алддаг байна.

АТГ-ын ажлын хэсэг МХЕГ-т ажиллах явцад иргэд, аж ахуйн нэгжээс тус байгууллагад өгсөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгдөггүй, олон дарга нарын гар дамжуулан цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн юм. Эдгээр зөрчлийг нэн даруй арилгах, иргэдээс өгсөн өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг тодорхой болгох, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлах, бичиг баримтын бүрдүүлэлтийг тодорхой болгох, хүнд суртлыг арилгах үүрэг чиглэл өглөө.

АТГ-аас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээг үзүүлэх шатанд хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, цаашлаад цахимжуулах ажлыг түргэсгэхэд анхаарч ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.