Яруу найрагч, хутагт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан зохиолыг нь бичиж, Ерөнхий продюсероор нь ажилласан “2000” уран сайхны кино ирэх сарын 1-нд өндөр үүдээ нээж, үзэгч түмний мэлмийг мялаана.
Манж Чин улсын эрхшээлд 200 жил харьяалагдсан монголчуудын эрх чөлөөнийхөө төлөө боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэсэн тус уран бүтээлийн зорилго нь хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэхэд оршиж байна. Мөн багцалсан сум шиг эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулахыг зорьжээ. “2000” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, зураглаачаар Э.Доржсүрэн, дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д. Мэндбаяр, Д.Гүрсэд, Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Н.Батцэцэг, У.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан С.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр, Ч.Дэлгэрцэцэг нар тогложээ.
Ч.Дэлгэрцэцэг: Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг энд юу хийж яваа юм бол оо гэж хүртэл бодсон
Энэ үеэр дэлгэцийн уран бүтээлд анх удаа хүч сорьсон хийлч Ч.Дэлгэрцэцэг “Гадаадад бол дуулдаг, бүжиглэдэг, уран нугардаг байж тайзны хүн гэж хүлээн зөвшөөрөгддөг. Монголд зөвхөн нэг чиглэлээр нь ойлгоод байдаг юм. Урлагийн тогоонд олон жил болсон би өөрт таашаалтай уран бүтээл болгонд хүч сориход бэлэн байдаг. Кинонд тоглоно гэдэгтээ итгэлгүй байсан. Кинонд жүжигчин хүнээс гадна найруулагчийн ажил чухал гэдгийг ойлгож авлаа. Киноны найруулагч Б.Отгонзориг, Ерөнхий продюсер П.Батсайхан нар санал тавьсан. Анх киноны зохиолоо уншихад толгойд буугаагүй. Эхэндээ татгалзсан хариу өгсөн ч кино багийнхан зоригжуулсны үндсэн дээр тоглох сэдлийг минь улам бадраасан л даа. Яг натур дээр очоод ажиллахад кино багийнхан их таалагдсан. Жүжигчид ямар гоё хүмүүс байдгийг илүү их мэдэрсэн. Гүрсэд ах анх удаа кинонд тоглож байгаа надад заавар, зөвлөгөөгөө харамгүй хайрласан” хэмээв. Мөн тэрбээр “Хүмүүс камерын өмнө уйлах хэцүү гэж ярьдаг. Тэр үнэндээ яг юу ч биш юм билээ. Хамгийн хэцүү нь монологийн хэсэг байсан. Монолог уйлах, инээхээс илүүтэй хүний сэтгэлийн дотоод ертөнцийг гаргадаг. Монологийн хэсэг дээр хүн 4-5 удаа найруулагчаасаа болохгүй байна гэдэг үг сонсоод ирэхээр шантардаг юм байна билээ. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг энд юу хийж яваа юм бол оо гэж хүртэл бодсон. Сүүлчийн зургууд байсан учраас надад ухрах эрх байгаагүй. Уйлаад байхад хүртэл Б.Батзориг найруулагч “Дээгий болохгүй байна” гээд дахиулна. Тийм учраас зүрх, сэтгэл, судаснаасаа мэдэрч өөрийнхөө хэмжээнд тоглолоо” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.