Зэрлэг ан амьтад байршил нутгаа ихээр өөрчилж байна

2020-09-17 Амьтан


Зарим сумдад цас ихээр орсонтой холбогдуулан зэрлэг ан амьтад байршил нутгаа өөрчлөх явдал сүүлийн үед их гарч байна. Тухайлбал, Ханхөхийн нуруу буюу Малчин, Хяргас сумдын нутгаар зэрлэг ан амьтад идэш тэжээлгүйдэх эрсдэлтэй байна. Иймээс эхний ээлжинд долоон сумын ан амьтдад биотехникийн арга хэмжээ авч, өвс, давс, хужир өгөх ажлыг зохион байгуулах гэж байна.

“Энэ жил Наранбулаг, Малчин суманд халиун буга малчны хот, өвөлжөөнд орж ирэх, байршил нутгаасаа нүүдэллэх явдал элбэг байна. Энэ нь цас их орж хүйтэрсэнтэй холбоотойгоос гадна малчид зэрлэг амьтдын байршил нутаг руу түрж буух, бэлчээрээр шахах байдал гарсантай холбоотой. Мөн Гулзат орон нутгийн хамгаалалттай бүс нутагт 50 мянган толгой мал өвөлжиж байна гэсэн мэдээ байна. Энэ нь тухайн бүс нутгийн зэрлэг ан амьтдын амьдрах орчныг булаах, улмаар дайжих байдлыг бий болгож байгаа юм. Иймд энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага тулгарч байна” хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Төгөлдөр хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.