Нобелийн энхтайвны хамгийн залуу шагналт Малала Юсуфзай Канад улсын хүндэт иргэн боллоо. Тэрбээр Нелсон Мандела тэргүүтэй зургаахан хүнд л үзүүлж байсан энэ хүндэтгэлийг хамгийн залуудаа буюу 19 насандаа хүлээсэн хүн болж байна. Түүнийг хүндэт иргэнээр өргөмжлөх ёслол Оттавад болж, Ерөнхий сайд Жастин Трюдо оролцжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих тал дээр онцгой хүн гэж үнэлэгддэг Жастин Трюдо Малала Юсуфзайг танилцуулахдаа “Канадын нэн шинэхэн, хамгийн зоригтой иргэн” хэмээн тодотгожээ. Энэ ёслолын дараа Малала Канадын парламентын чуулганд үг хэлсэн хамгийн залуухан эмэгтэй болсон юм.
Малала Канадын хүндэт иргэн болохын өмнөхөн буюу ердөө өчигдөрхөн НҮБ-ын Энхийн элчээр өргөмжлөгдсөн юм. Түүнийг охидын боловсролыг сурталчлах тусгай элчээр өргөмжилсөн нь мөн л хамгийн залуу НҮБ-ын элч гэсэн тодотголыг дагуулж байна.
Охидод боловсрол эзэмшүүлэхийн төлөө бага наснаасаа эхлэн дуу хоолойгоо илэрхийлж, ВВС-гийн цахим хуудсанд урду хэлээрээ блог хөтөлдөг байсан Малала охин Талибан бүлэглэлийнхэнд буудуулан амиа алдах шахсанаас хойш дэлхий нийтийн танил болсон билээ. Тэрээр зөвхөн өөрийн сурах эрхийн төлөө биш үеийн охидын төлөө сурч боловсрох нь хамгийн чухал гэдгийг дэлхий нийтэд хэлж ойлгуулсаар ирснээрээ манай үеийн сод хүмүүсийн нэг гэж үнэлэгддэг.
Түүнээс өмнө Холливудын од Леонардо ди Каприо, Шарлиз Терон, Майкл Дуглас нар НҮБ-ын элч болж байсан бол Канадын хүндэт иргэнээр Далай лам, Нелсон Мандела, Аун Сан Су Чи гэх мэт нэрт зүтгэлтнүүд тодорч байжээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.