Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ 12 дугаар сарын 22-ноос эхэлж 2 сар шахам үргэлжилнэ. Энэ үед эцэг эхчүүдийн хараа хяналт суларч, гэртээ бага насны хүүхдийг цоожилж орхих, насанд хүрээгүй хүүхдүүдийг бие биенд нь найдаж үлдээх зэрэг эрсдэлтэй алхамууд нь бага насны хүүхдийг болзошгүй гамшиг ослын болон гэмт хэргийн золиос болох магадлалыг өсгөж байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.
-Төр засгийн түвшинд хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хөтөлбөр хүртэл хэрэгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч болзошгүй гамшиг, ахуйн болон авто ослоор эрүүл мэнд, амь насаараа хохирох хүүхдийн тоо буурахгүй байна. Ялангуяа нийслэлд ил задгай цахилгааны утас, шит болон авто осол, ахуйн гал түймрийн улмаас насанд хүрээгүй хүүхдүүд амь насаа алдсан тохиолдол хэд хэд гарсан. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас ямар ажил зохион байгуулж ажиллаж байна вэ?
-Чиг үүргийнхээ дагуу гал түймрийн болон болон үер усны осолд бага насны хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал ихсэж байгаатай холбогдуулан эрсдлийг бууруулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Гол нь шалтгаан нөхцөлийг зөв олж тогтоосны үндсэн дээр хариу арга хэмжээ авах ёстой. Тоон үзүүлэлтээс харахад Гал түймрийн улмаас болон голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол дийлэнх хувийг эзэлж байгаа. Гал түймэр гарч буй гол шалтгаан нь пийшин зуухны яндангийн хамгаалалт хийгээгүй, цахилгааны буруу холболт, ил задгай хог асгах, асаасан тамхи, чүдэнзийг бүрэн гүйцэд унтраалгүй хаях зэргээс үүдэн гарч байна. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, гол усны эргээр амарч сэрүүцэхдээ эцэг, эх асран хамгаалагч нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хүүхдэд тавих хяналтаа сулруулахгүй байх, орон байр болон хүүхэд амьдрах орчны аюулгүй байдлыг хангах тал дээр мэргэжлийн байгууллагууд хамтын ажиллагаагаа уялдуулж, үүн дээр иргэд ч онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байна.
2018 онд Нийслэлийн Онцгой байдлын газрын зүгээс Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Боловсролын байгууллагын барилга, байгууламжид хяналт шалгалт явуулж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм норматив зөрчсөн 1000 гаруй зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 135 зөрчлийг арилгуулж ажилласан.
Нийслэлийн Гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд дэвшүүлсэн “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй хороо” аяныг анх удаа нийслэлийн 152 хороонд өрнүүллээ. Аяны үр дүнд гал түймрийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,8 хувиар буурсан. Бид ирэх 2019 онд энэ ажлаа үргэлжлүүлж хийхийн сацуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн удирдлага, иргэдтэй хамтран “Эрсдэлгүй өрх” аяныг өрнүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү аяныг олон нийтийн оролцоотой хэрэгжүүлж чадсанаар нийслэлийн нутаг дэвсгэрт гарч буй гамшиг ослын тоо, хохирол, эрсдэл эмзэг байдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа.
2018 онд иргэдэд чиглэсэн гамшгаас хамгаалах төрөл бүрийн мэдлэг олгох сургалтыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаа. Ирэх онд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дээрхи бодитой ажлуудыг хийхийн зэрэгцээ иргэд рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахаар төлөвлөсөн байгаа.
-Газар хөдлөлт, Цунами зэрэг гамшгийн тоо, давтамж өндөр байдаг Япон улсад хүүхдийг багаас нь Гамшгаас хамгаалах мэдлэг дадлагад сургаж тэрхүү мэдлэг чадвар нь амьдралынх нь зуршил болсон байдаг. Энэ тал дээр манай орны хувьд хийгдэж буй ямар ажил байна вэ?
-Онцгой байдлын байгууллагаас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг 2008 онд нийслэлд анх удаа зохион байгуулж байсан. Өсвөр үеийнхэн рүү чиглэсэн онол тэнхимын гэхээсээ сонирхолтой хэлбэрээр сурагчдын мэдлэг, авхаалж самбаа, эр зоригийг соридог уг тэмцээн маань улсын хэмжээний болж, зөвхөн аймгийн төвийн сургуулийн хүүхдүүд оролцдог байсан бол бүсчилсэн хэлбэрээр бүх сумын сургуулийн хүүхдүүд 9 дүүргийн сургуулийн сурагчдын оролцоотойгоор жил ирэх тусам цар хүрээ нь өргөжиж тэлсээр байна.
Бид “Өсвөрийн аврагч” тэмцээнийг уламжлал болгон хэвшүүлснээр эх оронч үзэл санаа, тэсвэр хатуужил, байгаль дэлхийгээ болон гэр бүл, найз нөхдөө хайрлан хамгаалах хүмүүжлийг төлөвшүүлж, тэднээр дамжуулан монголынхоо мянга мянган хүүхэд багчуудад гамшгаас хамгаалах мэдлэг дадлыг түгээж буйгаараа ач холбогдолтой.
Мөн 2016 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг дадлага олгох Сургалт арга зүйн төвийг ашиглалтад хүлээн авч үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд 100 мянга гаруй иргэнд сургалт зохион байгуулсан байна. Энэхүү төв нь гамшгаас хамгаалах мэдлэг дадлыг олгоход зориулагдаж иж бүрэн тоноглогдсон анхны сургалтын төв гэдгээрээ онцлог бөгөөд нийслэлийн хүүхэд багачуудын очих дуртай газруудын нэг болсонд баяртай байна.
-Сурагчдын улирлын амралт олон хоногоор үргэлжилнэ. Энэ үед эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавих хараа хяналт сулрах, үүнээс үүдэн бага насны хүүхдүүд болзошгүй аюулд өртөх магадлал их байдаг. Тиймээс эцэг эхчүүд юунд илүү анхаарах ёстой вэ?
-Ханиад томууны өвчлөл их байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын улирлын амралтын хугацааг сунгасан гэж ойлгож байгаа. Эцэг эхчүүд ажил ихтэй, харах асрах ойр дотны хүн байхгүй гэдэг шалтгаанаар бага насны хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээх явдал түгээмэл байдаг. Ах нь амарчихсан юм чинь гээд цэцэрлэгт явдаг дүүг нь хамт харуулаад орхидог. Нөгөө ах гээд байгаа хүн нь 6-10-хан настай 1-5 дугаар ангийн хүүхэд байх жишээний. Ах дүү хоёр юу хийх вэ гэвэл ээж, аав оройтвол даарна, гал түлнэ. Өлсөнө, хоол хийнэ. Маш эрсдэлтэй байдалд хүүхдүүдийг орхиж буйгаа эцэг эхчүүд маань тэр бүр сайн ойлгохгүй байна. Саяхан санамсаргүй байдлаас амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн 81 хувийг гэртээ цоожлогдон үлдэж байгаа хүүхдүүд эзэлж байна гэсэн судалгаа гарсан. Шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, зуухны буруу хэрэглээнээс хүүхдийн амь нас эрсдэхээс эцэг эх, асран хамгаалагчид урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүнийг давтаж болохгүй. Хэзээ ч хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь бүү орхиж яваарай гэж эцэг эхчүүддээ захиж хэлмээр байна.
-Шинэ оноо угтсан баярын өдрүүд үргэлжилж байна. Пиротехникийн хэрэгслийг хүмүүс баяр тэмдэглэх, ёслолын арга хэмжээ зохион байгуулах зэрэг арга хэмжээнд өргөнөөр хэрэглэдэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглахыг хориглосон байдаг. Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагад үзвэр зохион байгуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын газраас хамтран томоохон худалдааны төв, ресторан, аж ахуйн нэгжүүдэд хийгээд явж байна.
-Гэвч хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдэл, аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас эрүүл мэндээрээ хохирох, түлэгдэж гэмтэх, бэртэх аюултай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Юуны түрүүнд ашиглахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай сайтар танилцах ёстой. Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс 3 хоногийн өмнө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, бүртгүүлсэн байх учиртай. Пиротехникийн хэрэгслийг ашиглан үзүүлбэр үзүүлэхдээ мэргэжлийн операторчиноор гүйцэтгүүлнэ. 20 метрээс их зайд үзвэрийн, 20 метрээс бага зайд хэрэглээний пиротехникийн хэрэгслийг тус тус хэрэглэдэг.
-Аюулгүй ажиллагааны зааврыг дагаж мөрдөөгүйн улмаас эрүүл мэндээрээ хохирох, түлэгдэж гэмтсэн тохиолдол хэр олон байдаг вэ?
-2012-2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл ашиглаж байгаад эрүүл мэндээрээ хохирсон, түлэгдэж гэмтсэн, бэртсэн хүн гараагүй. Харин 2010, 2011 онд нийт 11 хүн түлэгдэж гэмтэн Гэмтэл согог үндэсний төвд эмчлэгдсэн байна.