Ч.БАТЦЭЦЭГ: Бидний бүтээгдэхүүн айл бүр гэртээ хийж болохоор энгийн байдаг

2018-12-24 Made in Mongolia


Монгол Улсад анх удаа татвар төлөгчид, иргэний нийгмийн санаачилгаар авлигыг өөгшүүлсэн зохисгүй хандлага, хүнд суртлыг өөрчлөх, нийгэмд шударга, хариуцлагатай дуу хоолойг нэмэгдүүлэх, авлигын эсрэг иргэд, ААН-үүдийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилготой “Авлигын эсрэг НЭГ ҮЙЛДЭЛ” аяныг өрнүүлээд байна.

Тус аяныг санаачлагч “Гилгэрэм” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Батцэцэгтэй ярилцлаа.

– “Гилгэрэм” органик саван хэрэглэгчдийн гарт хүрч, хэдийнэ олны сайшаалыг хүртээд амжжээ. Тэгэхээр ярилцлагаа “Гилгэрэм” брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан тухайгаас эхлэе?

– Саван бол хүн бүрийн хамгийн өргөн хэрэглэдэг чухал бүтээгдэхүүнүүдийн нэг. Тогтмол хэрэглэгддэг саван, шампунь, оо гэх мэт бүтээгдэхүүнүүд урт хугацаанд, мэдэгдэхгүйгээр бидний эрүүл мэндэд сөрөг болон эерэг нөлөө үзүүлдэг. Хүн эмийг өвдсөн үедээ хэрэглэдэг бол саванг бид эмнээс ч илүү өндөр дэглэмтэй, сахилга баттай, өдөрт 2-3 удаа заавал хэрэглэдэг шүү дээ. Савангаар угаах үед найрлагад орсон бодисууд нь арьсаар дамжин, биед шингэж, цусанд шимэгддэг. Өөрөөр хэлбэл, үе мөчний болон өвчин намдаах тосыг арьсанд түрхэхэд цусанд шимэгдэж, өвчинг намдаадаг. Яг л үүнтэй нэгэн адил саванд орсон химийн бодисууд биед шингэдэг гэсэн үг. Нэг удаа угаахад гаран дээр чинь юм гарахгүй, харшил өгөхгүй байж болно. Гэхдээ олон жилийн туршид өдөр болгон саванг тогтмол хэрэглэхээр тухайн саванд орсон химийн хор бага багаар хуримтлагдсаар нэг л өдөр арьсны харшил, хавдар болдог. Тэгэхээр бидний тогтмол хэрэглэж байгаа саван зайлшгүй эрүүл, эко байх ёстой.

“Гилгэрэм” брэнд миний гурав дахь гарааны бизнес буюу мөрөөдлийн маань үйлдвэрлэлийн бизнес гэж хэлж болно. “Гилгэрэм” брэндийг гурван хүн хамтран үүсгэн байгуулсан. Нэг охин маань Солонгост магистр хамгаалсан биотехнологич мэргэжилтэй, энэ саванг хийх технологийг Солонгосоос сурч ирсэн хүн дээ. М.Ариунгэрэл гэдэг. Хоёр хүүхдийн ээж, миний багын найз. Одоо үйлдвэрлэлийн технологи, түүхий эдийн худалдан авалт, орц найрлага, чанар стандарт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт талд ажилладаг. Нөгөө охиныг маань Г.Отгонцэцэг гэдэг. Хүний нөөцийн мэргэжилтэй, хамгийн залуу нь. Хагас хөдөлмөрийн чадвартай хэдий ч өдөр тутмын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процессоо хариуцаж ажилладаг маш эрч хүчтэй, бүтээлч охин бий. Миний хувьд бодлого төлөвлөлт, бизнес хөгжлийн төлөвлөгөө, маркетинг, борлуулалт талдаа ажиллаж байна. Гурван өөр чадвартай, өөр мэргэжилтэй хүмүүс нэгдсэн учраас бие биеийнхээ дутууг дүүргэж, манай үйл ажиллагаа илүү амжилттай, хурдацтай ахиж байгаа гэж үздэг. “Гилгэрэм” савангаа 2016 оны арванхоёрдугаар сард туршилтаар худалдаанд гаргасан. Шинэ жил хүртэл худалдаалагдана гэж тооцоолсон боловч ердөө долоо хоногийн дотор дуусчихсан. Тиймээс энэ амжилтандаа урамшиж түүхий эдээ их хэмжээгээр татан хоёр сараас албан ёсоор үйлдвэрлэж, худалдаалж эхлээд байна.

– Бүх үйл ажиллагаа гараар юм байна. Үйлдвэр чинь хэчнээн ажилтантай вэ. Өдөртөө хэдий хэмжээний бүтээгдэхүүн гарах вэ?

– Үйлдвэрт маань гурван хүн ажилладаг. Өдөртөө 100-150 ширхэг саван гаргадаг. Биднээс энэ бүтээгдэхүүнийг хийхэд хэцүү юу, энэ үйлдвэрлэлийн процесс нь хэр төвөгтөй байдаг вэ гэх зэрэг асуултыг хүмүүс байнга асуудаг. Өнгөрсөн жил бид савангаа манай гэрийн гал тогооны өрөөнд хийдэг байсан. Бидний хийдэг бүтээгдэхүүний процесс маш амархан. Энгийн нэг ээж хүн гал тогоондоо, гэр бүлийн хэрэгцээнийхээ саванг хийж чадахаар тийм л амархан, ойлгомжтой. Байгалийн аюулгүй түүхий эдүүдээ нийлүүлж холиод л энэ савангуудыг хоол хийдэг шиг хийж болно. Тэгэхээр энэ бол “Гилгэрэм” гэдэг бүтээгдэхүүнийг эрүүл юм гэдгийн нотолгоо. Амархан хийж байгаа, ойлгомжтой байгаа байдал нь энэхүү бүтээгдэхүүн органик гэдгийн баталгаа. Тэгэхээр бүх органик бүтээгдэхүүнийг хийхэд амархан байдаг гэж ойлгох хэрэгтэй. Ихдүүлж, багадуулсан ч хүний биед хор нөлөө байхгүй, эргэн тойрондоо гарз хохирол учруулахгүй учраас тэр шүү дээ.

– Одоогоор хэчнээн төрлийн, ямар ач тустай бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр хүрч байгаа вэ?

– Эхний ээлжинд зөвхөн саван л гарч байна. Дотроо гурван төрлийн органик, гоо сайхны саван. Нэгдүгээрт, тэмээны чөмөгтэй буюу батга, үрэвслийн эсрэг саван. Хоёрдугаарт, хонины сүүлтэй буюу үрчлээ, хуурайшлын эсрэг саван. Гуравдугаарт, чацарганатай буюу бүх төрлийн арьсны өвчлөл, гэмтлийн үед сувилах, арьсыг цайруулах сэвх нөсөө толбыг бүдгэрүүлэх үйлчилгээтэй саван. Эд маань монголчуудын арьсанд түлхүү тохиолддог асуудлуудыг шийдвэрлэхийг зорьсон.

– Дотоодын хэд хэдэн үйлдвэрлэгч энэ төрлийн бүтээгдэхүүнийг гаргаад байгаа. Та бүхний тэднээс ялгарах онцлог юу вэ?

– Манай бүтээгдэхүүн маш хямд, тэгээд маш чанартай. Энэ манай хамгийн том ялгаа бас давуу тал. Хүмүүс манай саванг авч хэрэглэхээс гадна биднээс үнэгүй сургалт зөвлөгөө аваад өөрсдөө эрүүл, органик саванг гэр бүлийнхээ хэрэгцээнд хийгээд хэрэглэж болно. Энэ нь бүр л хямд тусна бас их зугаатай. Бид хамгийн гол нь эрүүл хэрэглээ гэдэг зүйлийг л дэлгэрүүлэхийг хүсч байна. Бүгдээрээ нийлээд арилжааны импортын савангуудыг бүгдийг нь халья л даа. Тэгэхгүй бол захын нэг харшлын эмнэлгийн дараалал дийлдэхгүй байна. Үзүүлж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна. Энэ бүхэн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй салшгүй холбоотой. Тэгэхээр үүнийг болиулахын төлөө, үр хүүхдээ эрүүл байлгахын төлөө органик бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй байна. Манай байгууллага нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд ээжүүдэд зориулан органик гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг гэрийн нөхцөлд яаж хийх талаар үнэ төлбөргүй сургалт явуулж, савангийн түүхий эдийг худалдаалж байна. Биднээс суралцах, бидэнтэй хамтрах, дэмжих хүсэлтэй хувь хүн, байгууллагуудад манай үйл ажиллагаа нээлттэй.

– Тэгвэл “авлигын эсрэг саван” хэрхэн бий болсон талаар ярина уу, авлигын эсрэг саван гэхээр олон нийт, албан байгууллагууд хэрхэн хүлээж авч байна вэ?

– Мэдээж хэн ч ид шидтэй саван гэж хийсвэрээр хүлээж авахгүй. Зарим нэг нь маркетинг гэж ойлгож байна. Гэвч энэ савангаар дамжуулан нийгэмд хүргэхийг хүссэн мессежийг ойлгож, бодитоор хүлээж авч, дэмжиж байгаа хүмүүс илүү олон байгаад баярлаж байна. Авлигатай Тэмцэх Газар, Азийн сан зэрэг мэргэжлийн байгууллагууд Нэг Үйлдэл санаачлагыг аян болгохыг дэмжиж хамтрахаар болсон. Ижил зорилготой, шударга журмыг тогтоохын төлөө зүтгэж байгаа хүмүүстэйгээ уулзахад ижил сүргээ олсон мэт дотно сайхан санагдаж улам их урам авч байна.

– Ихэнх хүн авлигатай тэмцэх нь зөвхөн АТГ-ын ажил мэтээр ойлгодог. Хувийн хэвшлээс санаачлан авлигын эсрэг “Нэг үйлдэл” аяныг эхлүүллээ. Аяныг эхлүүлэх санаа сэдэл хэрхэн төрсөн бэ?

– Шунаг сэтгэлээр, шударга бусаар хэн нэгэнд давуу байдал бий болгохыг авлига гэж ойлгодог. Авлига гэдэг бол амиа бодсон зан юм. Манай нийгмийн авлига ар түмний зүрх сэтгэлд, хүмүүжилд, соёлд оршиж байна гэж харж байна. Авлигын акулуудтай эхлээд тэмцэх хэрэгтэй, том авлигачдыг устгавал жижгүүд нь дагаад алга болно гээд байдаг. Гэтэл бид хүүхдүүдээ, залуучуудаа ирээдүйн авлигын акулууд болгон хүмүүжүүлж, авлигач соёлоо уламжлуулж байна. “Бүгдээрээ л, угаасаа л, хаа сайгүй, ийм юм байх” гэх зэргээр авлигыг зөвтгөж, нийтийг хамруулж, нийгэмд авлигач хандлагыг хүчээр тулгаж байна.

Монголын нийгмийн талаас илүү хувь нь авлигач биш гэдэгт би итгэдэг. Шударга хүмүүсийн нэр төр гүтгэгдэж бүгдийг авлигач мэтээр харагдуулж харлуулж байна. Тиймээс шударга, ёс суртахуунтай хүмүүс өөрсдийгөө ил гаргаж бусдыгаа уриалах хэрэгтэй байна. Бизнесээ хийх явцад алхам тутамд авлига хүнд суртал нь тэгш боломжийг, шударга өрсөлдөөнийг, бизнесийн ёс зүйг үгүй хийж байгааг үзээд үнэхээр урам хугарсан. Энэ бол зөвхөн төр хувийн хэвшлийн хооронд ч биш компаниудын хооронд ч, хувь хүмүүсийн харилцаанд ч байгаа асуудал юм.

Нэг өдөр бухимдаж суугаад “Нийгмийн хир бохирдлыг угааж арилгаж чаддаг ид шидтэй саван байдаг бол хичнээн сайхан бэ” гэж бодсон. Авлига үргэлж ах дүү, амраг садан, найз нөхдөөр дамждаг учир олон нийтэд ил зарлаж илчлэхэд их хэцүү. Над шиг гарааны жижиг бизнес эхлэгч, жирийн нэг ээж хүнд авлигыг эсэргүүцэх, тэмцэх боломж энэ саван л байлаа. Энэ бол арилжааны зорилготой бүтээгдэхүүн бус харин миний үзэл бодлын илэрхийлэл, иргэний дуу хоолой юм.

-Таны бизнест авлигын уршиг нөлөөлсөн тохиолдол гарч байв уу, авлигын эсрэг “Нэг үйлдэл” аянд аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох вэ?

– Хүн бүр дор бүрнээ авлигын эсрэг нэг үйлдэл хийвэл бид нийгэмд ямар том өөрчлөлт хийж болохыг бодоод үзээрэй. Бүгд авлигыг эсэргүүцэж бухимддаг ч, ярьдаг ч, үйлдэл хийх итгэл үнэмшил нь дутаад байна. Энэ итгэл үнэмшлийг сэргээхэд хүн бүрийн НЭГ ҮЙЛДЭЛ зайлшгүй юм. Тэгэхээр би авлигагүй хүн, би авлигыг эсэргүүцдэг хүн, би авлигагүй нийгмийг хүсдэг хүн гэдгээ олон түмэнд зарласнаар Нэг Үйлдэл аянд нэгдэх юм.

Байгууллагууд үүнд маш том үүрэгтэй. Иргэн бүрийн цаана байгууллага бий, байгууллага бүрийн ард иргэд бий. Байгууллагуудын хандлага өөрчлөгдөж бизнесийн ёс зүйн дүрэмтэй байгууллагууд олон болсон байна. Ажилчдаа хянадаг, авлигын эрсдэлийг бууруулах арга хэмжээ явуулдаг болсон байна. Байгууллагууд бизнесийн ёс зүйг хэрэгжүүлдэг, бүтээгдэхүүн үйлчилгээгээ авлигын өртөг шингээгүй үнээр хэрэглэгчиддээ хүргэдэг гэдгээ олон нийтэд сурталчлаж, нийгэмдээ үлгэрлэж, бусдыгаа уриалж Нэг Үйлдэл аянд нэгдээрэй гэж уриалмаар байна.

– Эхлүүлсэн аяныхаа ирээдүйг хэрхэн харж байна, авлигагүй нийгмийг бүтээхийн төлөө бизнес эрхлэгчдэд хандан таны хэлэх үг?

– Авлигагүй нийгмийг ил гаргаж авлигачдыг ичээхийг хүсч байна. “Авлига байхаас аргагүй зүйл биш, авлига байх ёсгүй зүйл” гэдгийг батлан харуулахыг хүсч байна. Авлигын дарлалаас ард түмнээ, эх орноо чөлөөлөх цаг болсон.

Монгол Улсад анх удаа бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн санаачилгаар авлига болон түүнийг тойрон тэлсээр буй нийгмийн зүй зохисгүй соёл, харилцааг буруушаах, авлигыг эсэргүүцэгч ёс зүйтэй, шударга, нийгмийн хариуцлагатай ААН эрхлэгчид, иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэж, олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Авлигын эсрэг НЭГ ҮЙЛДЭЛ” аян өрнөсөн. Хэдийгээр иргэд, олон нийт авлига бол нийтлэг үзэгдэл болсон гэдгийг олонхоороо хүлээн зөвшөөрдөг болсон хэдий ч нийгэмд авлига, түүнийг тойрсон зохисгүй үйл хэргийг хүлцэх хандлага байсаар л байгаа бөгөөд авлигын гэмт хэргийн илрүүлэлт, ял шийтгэлд голлох үүрэг гүйцэтгэх гэрч, шүгэл үлээгчдийн тоо төдийлөн хангалтгүй байгаа нь үүний нэг илрэл юм.

Иймд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг хангахад талуудын оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал байгааг аяныг зохион байгуулагчдын зүгээс тодорхойлж, улмаар урд өмнөхөөс өргөн цар хүрээнд, илүү үр дүнтэй аргуудыг эрэлхийлсэн сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлэхээр төлөвлөөд байна.

– Баярлалаа.

Д.Золжаргал

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.