УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Жишээ нь Засгийн газраас нэн яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах тухай Ерөнхий сайдын санал, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуультай холбоотой УИХ-ын дөрвөн тогтоолын төсөл гэх мэт. Ийнхүү өнөөдрийн чуулганд ажил их байна. Гэвч улс төрд өрнөсөн ажин түжин байдал улсын ажлыг гацаасан хэвээр байгаа юм.
Зүй нь нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг тавиад багагүй хугацаа өнгөрсөн. Тус шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн талаар УИХ-ын дарга М.Энхболд сая мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж шийдвэр гартал нь чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулъя” гэлээ.
Үүгээр чуулганы хуралдааныг Л.Энх-Амгалан даргалж байна. Гэвч хуралдаанд одоогоор 21 гишүүн ирээд байна. УИХ-ын байнгын хорооны дарга, зарим сайд нар чуулганы хуралдаандаа орж ирэхийг УИХ-ын дэд дарга үүрэгдлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.