Засгийн газрыг огцруулах уу, үргэлжлүүлэн ажиллуулах уу гэдэг шийдвэрийг УИХ маргааш эцэслэнэ. Гэхдээ танхимыг огцруулах санал гаргаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-тай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийг У.Хүрэлсүхийн танхимыг огцруулах эсэх асуудлаар санал хураахад оролцуулахгүй байх ёстой” гэж мэдэгдээд байгаа юм.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой мөнгийг тэрбум, тэрбумаар нь адил тэнцүү хуваагаад хүртсэн ЖДҮ-чид санал хураалтад оролцож, Засгийг огцруулахгүй гэсэн кноп дарвал жинхэнэ шившиг болно. Иймд У.Хүрэлсүхийн талынхан буюу 37-гоос, М.Энхболдын талынхан буюу 27-гоос хэд нь ЖДҮХС-тай нэр холбогдоод байна вэ гэдгийг тоймлов.
ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ дөрвөн ЖДҮ-ЧИН
Б.УНДАРМАА-
700 сая Хувьдаа банк болон банк бус санхүүгийн байгууллагатай тэрбээр МЭИК-ээрээ дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авчээ. Эл асуудлаар нь хамаарал бүхий компанийг нь хуулийн байгууллага шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бий. Тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь барьж байгаа.УИХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин сонгогдсон.
Н.ОЮУНДАРЬ-
800 сая Рэд Стар Клуб” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан. Уг компани нь хүүгийнх нэр дээр бүртгэлтэй. Хамаарал бүхий компани нь ЖДҮХС-гаас зээл авсан тухай асуудал хөндөгдөж, сэтгүүлчдэд түүнээс уучлал гуйх эсэхийг лавлахад “Уучлал гуйх шаардлагагүй” гэж тайлбар хийж байв. Гэвч намын дарга нь ЖДҮХС-гаас авсан зээлээ төлж, уучлал гуйхгүй бол хариуцлага яригдана гэснээр олон нийтээс уучлал гуйсан. УИХ-ын 2016 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа 27 гишүүний нэг юм.
Б.САРАНЧИМЭГ
-800 сая Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ “Сингапурхэльткейр сентр” ХХК-д ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч өгсөн гэх дуулианд нэр холбогдоод байгаа. Б.Саранчимэг гишүүн энэ талаар тайлбар хийгээгүй байгаа бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Дүүгийнхээ ЖДҮХС-гаас авсан зээлийг нь төлөөд, нэмээд 2 тэрбумыг өгнө” гэж томорсон юм.
Эгч, дүүс Засгийн газрыг огцруулах байр суурь барьж байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Б.Саранчимэг УИХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдсон юм.
Г.ТЭМҮҮЛЭН
-700 сая “Эрдэнэт” үйлдвэрийн экс захирал Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг олон нийт андахгүй. Ээж Д.Дэнсмаа нь “Спа цогцолбор”-тоо ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдээд байгаа. Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан 27-н гишүүний нэг. УИХ-ын 2016 оны сонгуульд Архангай аймагт өрсөлдөж, сонгогдсон.
ЗАСГИЙГ ХАМГААЛСАН 12 ЖДҮ-ЧИН
Ж.ЭНХБАЯР
-1.9 тэрбум “Газар Агро”, “Газар Буудай” компанидаа ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан нь илчлэгдэнгүүт буцаан төлсөн. Гэхдээ жилийн гурван хувийн хүүтэй авсан зээлээ “Газар Капитал”-аараа дамжуулан 36 хувийн хүүтэйгээр бусдад зээлдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хардлагад өртөөд байгаа. Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.УИХ-ын 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс сонгогдсон юм. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурь барьж байна.
Н.УЧРАЛ
-950 сая УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын “Хүннү” групп нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан. Эл мэдээлэл олон нийтэд ил болсны дараа буцаан төлөхөө мэдэгдсэн. Гэхдээ уг зээлийг төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас авсан зээлээ буцаан төлж, ард түмнээсээ уучлал гуйхгүй бол 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандат олгохгүй гэдэг сануулгыг өгсөн. Тэрбээр Засгийн газрыг хамгаалж байгаа 37 гишүүний нэг юм. УИХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, УИХ-д сонгогдсон.
Г.СОЛТАН
-950 сая “Монгол шаазан” компани нь 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан. Олон жилийн өмнө уг компанийг удирдаж байсан тул надад хамааралгүй гэдэг тайлбарыг хийж, уучлал гуйхгүй гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж, Баян-Өлгий аймгаас сонгогдсон. ЖДҮ тараасан засгийг огцруулахгүй гэж ЖДҮчин гишүүн үзэж буй.
Х.БОЛОРЧУЛУУН
-950 сая “Дорнод гурил” компани нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан. Үйлдвэрлэл эрхлэхэд зээл авахаас өөр арга байдаггүй. Тийм учраас тус сангаас зээл авсан гэдгээ ил тод хэлсэн. УИХ-д Дорнод аймгаас хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. ЖДҮ-гээс 950 сая төгрөг авсан тэрбээр У.Хүрэлсүхийн танхимыг огцруулахгүй гэж гарын үсэг зурсан
А.СҮХБАТ
-800 сая “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авсан баримт ил болоод байгаа. Гэхдээ эл баримт олон нийтэд дэлгэгдэхээс өмнө сэтгүүлчид түүнээс тус сангаас зээл авсан эсэхийг тодруулахад “Баримтаа гаргаад ир” гэдэг тайлбар хийж, том дуугарсан ч төд удалгүй гурван хувийн хүүтэй зээл авсан нь илчлэгдсэн юм. УИХ-ын 2016 оны сонгуульд Төв аймагт нэр дэвшин, УИХ-ын гишүүн болсон.
Я.СОДБААТАР
-2 тэрбум “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК нь 2 тэрбумын зээлийг ЖДҮХС-гаас авсныг мэдэлгүй явж байсан сайд бол Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар юм. Тэрбээр сэтгүүлчдэд “Манай эхнэрийн найзуудтайгаа нийлж байгуулсан компанийн нэр холбогдоод байгаа” гэж бултаж байв. Гэвч уг зээл эргэн төлөгдсөн нь хамааралгүй гэж хэлэх аргагүй болгож буй. Засгийн газрыг огцруулах санал гаргасан 27 гишүүн хариуцлага яригдах ёстой танхимын гишүүний нэг нь Я.Содбаатар гэж мэдэгдэх болсон. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцох шиг амархан зүйл үгүй. Өөрт нь ч энэ тухай хэлсэн байгаа” гэх тайлбар хийж буй. Тэрбээр Өвөрхангай аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Б.БАТЗОРИГ
-3 тэрбум “Тээвэр Ачлал” ХК, “Наму дэвжих” ХХК-даа 3 тэрбум төгрөгийн зээл ЖДҮХС-гаас авсан, мөн УИХ, Засгийн газрын гишүүдэд зээл олгосон гэх үндэслэлээр Хүнс хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөгдсөн. Хотын фракцад харьяалагдаж явсан ч одоо Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэх байр суурь барьж байна.
Н.ЦЭРЭНБАТ
-410 сая Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Баян таван тэс ХХК-д 250 сая, Баруун загвар ХХК-д 160 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан гэдэг дуулианд нэр холбогдоод байна. Увс аймгаас УИХ-д сонгогдсон тэрбээр У.Хүрэлсүхийн танхимын сайд нараас ЖДҮХС-тай нэр холбогдсон гурав дахь гишүүн нь болоод байна.
О.БАТНАСАН
-950 сая “Топ кондитер” нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан. Ховд аймгаас УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэх байр суурь барьж буй нь ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ хариуг барьж байгаа үйлдэл гэж хардах хүн олон байна.
Х.НЯМБААТАР
-950 сая Шүүхийнхний хадгаламжийг ил болгож, хаанаас ямар эх үүсвэрээс хөрөнгөжиж, тэрбумын үнэтэй байранд амьдрах болсноо зарлахыг шаардаж байсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь “Өгөөдэй Ази” ХХК-тай хамтран 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан тухай мэдээллийг цахим сайтууд гаргаж тавиад байна. Мөн нийгмийн сүлжээнд энэ тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. УИХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж, УИХ-д сонгогдсон.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ
-950 сая “Жаргал Харвэрст” гэх компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан тухай нийгмийн сүлжээнд мэдээлж байна. Энэ зээлийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Херо”-гийн захирал Б.Баатартай хамтран авсан гэсэн баримт олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн бөгөөд гишүүний зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм. УИХ-ын 2016 оны сонгуульд Хэнтий аймагт өрсөлдөн, сонгогдсон. Тэрбээр Засгийн газрыг хамгаалж байгаа гишүүдийн нэг бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын асуудлаар нь огцрохыг шаардаж, хаврын чуулганаас эхлэн асуудал тавьж буй.
М.ОЮУНЧИМЭГ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ЖДҮХС-гаас зээл авсан нь тогтоогдсон гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар өчигдөр мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн М.Оюун-чимэг “Энэ тухай мэдэхгүй. ЖДҮХС-гаас зээл аваагүй дээ” гэх тайлбар хийгээд буй. УИХ-ын 2016 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж, сонгогдсон.
ЭХ СУРВАЛЖ: НЬЮС.мн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.