Цуврал 02
Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дунд байгаа. Энэхүү асуудал эдийн засгийн хүрээнийхний төдийгүй гадныханы анхаарлыг нэлээд татаж буй юм. Хэрвээ тус хуулийг хаврын чуулганы хүрээнд баталчихвал гадаадын банкнууд манай улсад салбараа нээх эрх зүйн орчин бүрдэж, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй болох юм. Тэгэхээр гадны банк орж ирэх сургаар хамгийн их эмээж байгаа бүлэг бол дотоодын арилжааны банкууд билээ. Нэг талд олон эх үүсвэрээс асар их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж түүгээр ердөө 3-5 хувийн хүүтэй зээл өгөх боломжтой дэлхийн санхүүгийн зах зээлийн далайд акул болсон гадны банк. Нөгөө талд 30 болон түүнээс дээш хувийн хүүтэй хадгаламж татаж, түүгээр дунджаар 20 хувийн хүүтэй зээл өгч байгаа, банкны шалгуур хэт өндөр, заавал барьцаа хөрөнгө шаарддаг, төрд лобби хийдэг, төрөөс тодорхой дэмжлэг авч эрсдэлээ хамгаалуулдаг гэх олон муу цолтой дотоодын банкууд бий. Хэрэв гадны банк орж ирвэл өрсөлдөөний хувьд тун тэнцвэргүй байдал үүснэ. Өнөөгийн байдлаар манай улсад 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс дөрвөн банк нь нийт банкны салбарын 90 хувийг дангаараа бүрдүүлж буй юм. Тиймээс Монголын нийт санхүүгийн зах зээлийн 80-90 хувийг дөрвөн банк эзэгнэж байгаа гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй. Дээрээс нь дээрх банкуудын талаас илүү хувь нь гадны хөрөнгө оруулалттай. Энэ бүхнээс үүдэлтэйгээр бизнес эрхлэгчид дотоодын арилжааны банкуудад гаднаас салхи оруулах хэрэгтэй хэмээж байна. Гэтэл уг агуулгаар нь харж гадны банк орууллаа гэхэд дээр дурдсан эрсдэлүүд үүсэхийг таамаглах аргагүй. Тиймээс өнөөгийн байдлаар гадны банк оруулах эсэх асуудлыг тал талаас нь нухацтай судлах шаардлагатай байна. Гэхдээ энд нэг зүйлийг онцлон дурдахад, гадны банк оруулах асуудал арилжааны банкуудад тодорхой дохио, сэрэмж болж байгааг хэлэх нь зүйтэй. Өндөр хүүтэй зээл авбал ав, авахгүй бол боль гээд зах зээлийн хөгжлийг “хүлээд” суух бус зээлийг хүүг бууруулахад чиглэсэн тодорхой алхамуудыг өөрсдийн санаачлагаар хийх хэрэгтэй анхааруулж байна. Тухайлбал, хамгийн нийтлэг жишээ бол бэлэн мөнгөний машин. Томоохон дэлгүүр ороход 4-5 бэлэн мөнгөний машин эгнүүлэн тавьсан байдаг. Нэг бэлэн мөнгөний машины зах зээлийн үнэлгээ 30-40 мянган ам.доллараар хэмжигдэнэ. Энэ бүхний ард банк тус бүртээ зардал гаргаж байгаа. Гэтэл гадаадад төвлөрсөн нэг бэлэн мөнгөний машинаас бүх банкны үйлчилгээг авах боломжтой байдаг. Ингэснээр банкуудын бэлэн мөнгөний машинд зарцуулах зардал ч хэд дахин багасах юм. Мэдээж зардал буурснаар зээлийн хүүг багасгах боломж бүрдэнэ.
Энэ мэтээр банкууд зардлаа бууруулах, улмаар үүнд суурилж зээлийн хүүгээ багасгах бизнес эрхлэгчдээ бодсон алхам хийхгүй бол гадны банк хүссэн хүсээгүй нийгмийн шаардлагаар орж ирнэ гэдгийг дотоодын банкуудын эздэд санууллаа. Тухайлбал, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав тодорхой санал гаргасан. Энэ нь эдийн засгийн хүнд үед бизнес эрхлэгч, төр, арилжааны банкуудын төлөөлөл ойлголцож, зээлийн хүүг 1-2 жилийн хугацаанд бага түвшинд барих, эдийн засгийн өндөр өсөлттэй үед гэрээ байгуулж зээл олгосон аж ахуй нэгжүүдээ эргэж харах ёстой гэсэн санал байв. Үүний тулд мэдээж хадгаламжийн хүүг бууруулах шаардлагатай. Инфляцийн түвшин бага болсон энэ үед эдийн засгаа дэмжихийн тулд арилжааны банкууд нэгдсэн байдлаар хадгаламжийнхаа хүүг бууруулж, үүнд суурилж зээлийнхээ хүүг багасгах боломжтой хэмээн үзэж байна. Албан бус мэдээгээр нийт хадгаламж эзэмшигчийн гуравхан хувь нь нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшдэг гэх тоо бий. Тиймээс хадгаламжийн хүүг бууруулах нь олон нийтийн гэхээс илүүтэй цөөн хүний эрх ашгийг хөндсөн асуудал хэмээдэг. Хэрэв арилжааны банкууд энэ мэт тодорхой буулт хийхгүй бол гадны банк орж ирэх нь өндөр эрсдэлтэй байсан ч нийгмийн шаардлага уг эрсдэлийг үл анзаарах магадлалтай санах цаг болжээ.
Эх сурвалж: Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.