НҮҮРС БА ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

2023-10-16 Байгаль орчин

 

Монгол нүүрс ассоциаци нь 1998 онд үүсгэн байгуулагдсан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. Ассоциацийн гишүүд нь төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалттай нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдээс бүрддэг.


Монгол Улсад өнөөгийн байдлаар 70 гаруй ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 50 гаруй аж ахуйн нэгж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор төвийн бүсийн дулааны цахилгаан станцад 5, аймаг орон нутгийн хэрэгцээнд 23, экспортод давхардсан тоогоор 30 гаруй уурхай бүртгэлтэй ажиллаж байна. “Монгол нүүрс” ассоциацийн гишүүн байгууллагууд нь улсын хэмжээнд нүүрсний үйлдвэрлэл, худалдааны 90 гаруй хувийг гүйцэтгэж байна.

Нүүрс хэрэглээнээс гарах болоогүй гэдэг нь сүүлийн жилүүдийн дэлхийг хамарсан цар тахал, олон улсын харилцааны хямралаар тодорхой харагдлаа. Өнгөрсөн жил дэлхийн нүүрсний хэрэглээ 8.3 тэрбум тонн буюу түүхэн дээд хэмжээндээ хүрэв.

Нөгөө талаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн нүүрсний хэрэглээг бууруулах зорилтыг улс орнууд тавьж байгаа ч бодит байдал дээр ийнхүү өссөн нь нүүрс бол стратегийн бүтээгдэхүүн болохыг баталж байна. Цаашдаа ногоон хөгжлийн чиглэлийн дэлхий ч, бүс нутаг ч баримтлах нь тодорхой бөгөөд нүүрс бол баталгаат ар тал, түшицэх үүсвэр тул Монголын нүүрсний экспортын зах зээл цаашдаа ч байсаар байх нь тодорхой байна. Монгол Улсын нүүрс бол юуны өмнө эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж буй суурь эх үүсвэр юм. Эрчим хүчний тариф болон нүүрсний үнийг хүчээр хязгаарлан барьснаас болж шинэ цахилгаан станцуудад үүсвэрт хөрөнгө оруулалт гацаж, эсрэгээрээ гадаадаас хэд дахин өндөр үнээр асар их хэмжээний эрчим хүч худалдан авдаг, харин дотоодын уурхайнууд, цахилгаан станцууд нь өрийн сүлжээнд орж, төсвөөс хамаарсан ядруухан байдалтай ажилладаг буруу тогтолцоо хэвшсэн байна. Үүнийг өөрчилж зах зээлийн эрүүл зарчмыг нэвтрүүлэх нь улсын эрчим хүч, цаашилбал аж үйлдвэрлэл, эдийн засгийн аюулгүй байдалд нэн чухал юм. Нүүрс бол Монгол Улсын орлогын гол эх үүсвэр. Уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг бол түүний талаас илүүг нүүрс бүрдүүлж байна. Цаашдаа нь ийм байх нь дамжиггүй. Нүүрс мөн төсөв бүрдүүлэгч гол эх үүсвэр юм. 2022 онд уул уурхайгаас төсөвт 4.4 их наяд төгрөг төвлөрүүлсний 47%-ийг нүүрснээс төвлөрүүлсэн байна.

Нүүрсний үйлдвэрлэлээс бүрдүүлж буй татвар хураамжийн 67 хувийг АМНАТ эзэлж байгаа нь татварын тэнцвэртэй байдлын үзэл санаанд харш, АМНАТын дарамтаас болж доод ангиллын нүүрсний баялаг хаягдал болж хувирах, баяжуулах боловсруулах үйлдвэрлэл хөгжих боломжийг хязгаарласан үр дүнд хүргэж байна. АМНАТ-ын жишиг үнийг үндэслэлгүй тогтоож ирсэн буруу хандлага нь дотоодын ашигт малтмалын биржийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой засрах болов уу гэсэн найдлага салбарт байна. Нүүрсийг биржээр арилжаалах болсон нь урт хугацаандаа эерэг үр дүн авч ирэх төр засгийн зөв шийдвэр болсон гэдэгтэй салбарын ихэнх аж ахуйн нэгжүүд санал нэгддэг.

Цаашид хүссэн үр дүндээ хүрэхийн тулд хил гаалийн үйл ажиллагаанаас гадна тээврийн салбарыг онцгой анхаарч, тэнцвэртэй, ялгаваргүй, дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулсан тээврийн тогтолцоог бий болгох шаардлагатай юм билээ.

Далайд гарцгүй Монгол Улсны хувьд суурь дэд бүтэц, төмөр ба авто зам маш чухал. Нэг талаасаа нүүрсний
экспортоо нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жилүүдэд төмөр замын болон боомтын бүтээн байгуулалтын ажлууд сайн хийгдлээ. Нөгөө талаасаа овор ихтэй нүүрсний тээвэр нь дэд бүтцийг хөгжүүлэх шалтгаан болж байна. Тавантолгой, Ханги, Зүүнбаян чиглэлийн төмөр замаас гадна ойрын үед Шивээхүрэнгийн төмөр зам ашиглалтад орох нь.

Цаашдаа Дорнод, Сүхбаатарын уурхайнуудыг түшиглэн урд, хойд хилийн холбосон төмөр зам баригдах байх. Эх газрын том нутагтай, хүн ам цөөн улсууд төмөр замын сүлжээ сайтай байж нутаг орон эзгүйрэхгүй, хотжилт, эдийн засаг жигд хөгждөг.

Энэ утгаараа Монгол орныг бүрхсэн төмөр замын сүлжээ хэрэгтэй бөгөөд үүнийг бий болгох эдийн засгийн гол шалтгаан нь нүүрсний тээвэр юм. Эцэст нь нүүрсний уурхайн хаягдал чулуу хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангах, тариаланг идэвхжүүлэх, бэлчээрийг сэргээх, цөлжилтөөс хамгаалахад чухал хэрэгцээтэй органик бордооны түүхий эд юм.

Харин уурхайн шүүрлийн хаягдал ус нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт хувь нэмрээ оруулах, “нүүрсний уурхайн Баянбүрд” байгуулах, Говьд үйлдвэрлэл хөгжүүлэх эх үүсвэр билээ. Дүгнэн хэлэхэд, Монгол Улсын хувьд нүүрс бол эрчим хүчний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн бүтээгдэхүүн бөгөөд дэд бүтэц, газар тариалан хөгжүүлэх хэмжээлшгүй өгөөжтэй баялаг мөн билээ.

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.