Ер нь бол өртөг ба үнэ хоорондоо зөрөхөөр л нийгмийн олон асуудал үүсч, авлига шударга бус цэцэглэж, тэнд нь улс төрч нар попорч тоглодог аж.
90 -ээд оны эхээр анх үйлдвэр, завод, дэлгүүр хувьчлагдаж байхад насаараа махны худалдагч хийсэн авгай “орлогоороо цалинжина” гэсэн үгийг бүр огтоосоо ойлгохгүй явсаар насаа барсан нь олон. Дэлгүүр тухайн үед хүнс, бараа түгээх цэг, мөнгө бол барааны талон маягийн байснаа өөрчлөгдөв. Хүмүүсээр дандаа гуйлгуулж мах өгдөг байснаа одоо цалин их авахын тулд хүн гуйж мах зарна гэхээр бүр яагаад ч буухгүй. “Хүн юм авахгүй бол тэгээд дэлгүүр хаагдах уу? Би цалингүй болох уу?” гэж ундууцах нь ганц эрүүл ухаантай асуулт бөгөөд “Тийм” гэсэн хариултанд шууд газар мөргөж унана. Автозасварын газрууд ч бас ижилхэн, өмнө нь хүмүүсээр гуйлгаж, шил юмаар шагнуулж ажилладаг байсан засварчид, механик инженерүүд “хүн орохгүй бол тэгээд би цалингүй юмуу” гэж өнөөх асуултаа асууна. “Хүн үйлчлүүлэхгүй л бол цалингүй” гэдэг маш энгийн ойлголтыг тухайн үед ойлгож ухаарах үйл явц бараг 10-20 жил үргэлжилсэн шилжилт болсон. Одоо ч зарим нь ойлгоогүй л яваа.
Энхсайханы Засгийн газар гурил будаа, элсэн чихэр, талхны үнэ чөлөөлөхөд бас л нийтээрээ эсэргүүцэж байсан нь “Одоо муусайн наймаачид амандаа орсон үнээ хэлнэ” гэж уурлаж билээ. Гурил будаа, талх, элсэн чихрээ дуртай үнээрээ зарна гэдэг ихэнх нь бас сайн ойлгоогүй л явсан хэрэг /одоо ч зарим нь төр засаг үнэ хямдруул гээд л байдаг шүү/. “Цэвэр ус савлаад мөнгөөр зардаг” гэсэн аймшигтай бизнесийг 2000 он хүртэл мэддэггүй байлаа. Ганц аяга кофе бүтэн хоолны үнээр зараад, тэрийг нь уугаад сууна гэхээр төсөөлөх нь хэд байсан бол? Мах төмс гурилын орцоор нь шууд хоолны дүнг бодоод, гуанзнууд шулж байна гэж уурладаг хүмүүс одоо ч байсаар. Хүн мөнгө төлөөд хариуд нь ямар нэг барьцтай, биетэй зүйл авна гэдгийг хар ухаанаараа бол мэдчихээд байгаа юм. Харин яг зах зээлийнхээ дагуу явдаг зарим “нарийн ширийн” бизнэсийг огт ойлгохгүй хэвээрээ. Одоо ч махны чээнжүүдийг нийтээрээ үзэн яддаг хэвээрээ, сүүлд бас нэг муулдаг юмтай болсон нь үл хөдлөх зуучлалынхан. Байр зарах, машин зарах, мах зарах нь өөрөө маш төвөгтэй процесс, цаг зав нерв барсан ажил бөгөөд тэрхүү хүнд төвөгтэй процессийг ажил үйлчилгээ болгох нь тодорхой үнэ өртөгтэй гэдгийг л ойлгож дасахгүй л байгаа хэрэг. Уг нь байр авах, зарах хоёр хүнийг хооронд нь холбох амархан л баймаар юм, яагаад болдоггүй юм бол.. гэж жинхнээсээ гайхацгаана. Болохгүй л болоод тэр биз дээ.
Цахилгаан эрчим хүч, СӨХ, халуун хүйтэн, цэвэр бохир ус, хог хаягдлын хураамж уг нь хүнсний хэрэглээтэй дүйхүйц өртөгтэй байдаг юм билээ гадаад улс оронд бол. Ухаандаа сардаа 500 мянгыг хоол хүнсэндээ зарцуулдаг айл мөн сардаа 500 мянга орчим төлбөр тог, цахилгаан, СӨХ, контортоо төлөх бодит өртөгтэй гэсэн үг. Манайд харин СӨХ, конторын мөнгө бол өгсөн ч болдог, өгөхгүй ч байсан болдог хавсарга маягийн зүйл. Хүнс бол барьцтай учир мөнгө төлөхийг нь ойлгоод байгаа юм, СӨХ, ус дулаан, цахилгаан яг бариад авах юмгүй учир хий хоосон юманд мөнгө төлж байгаа юм шиг уур хүрээд байдаг. Гар утасны үйлчилгээг “хоосон агаар зарж цөм ашиг хийдэг” гээд л муулдаг хүмүүс олон доо олон. Хамгийн их цаг зав, нерв, стресс бардаг тэр зүйлсийг шийдэх нь маш өртөг, зардалтай үйлчилгээ гэдгийг нийтээрээ ойлгоод хэвшчихвэл уг нь.
Бэлчээр нь үнэгүй барьцгүй эд, мал харин үнэтэй барьцтай зүйл гэж бодсоор ирсэн нь худлаа болж, бэлчээр нь ч муудаж дагаад мал нь ч өвчнөөс салахаа болив. Хотынхон цахилгаан, СӨХ, орон сууцны конторын үйлчилгээ нь хамгийн их нерв, стресс бардаг, амьдралд хамгийн чухал асуудлууд хамгийн үнэ өртөгтэй байх ёстой ч нийтээрээ үнэгүй хямд гэсэн ойлголтоосоо салж чадаагүй учир, улс төрчид нь ч олон нийтээ дагаж попордог. Үр дүн нь бэлчээрээ булаалдаж нэгнээ хутгалдаг байсан бол саяхан зогсоолоо булаалдаж нэгнээ хөнөөсөн хэрэг гарав, эвдэрхий лифтний хаалгаар хүүхэд унасан осол гарав, энэ бол зогсоолын ч буруу биш, СӨХ-ын ч буруу биш, явж явж бидний сэтгэлгээний л буруу. Нийслэл хотод бол авто зогсоол, авто граш гэдэг нь машинаасаа илүү үнэ өртөгтэй зүйл гэдгийг бид ойлгохгүй байнаа л гэсэн үг. СӨХ үйлчилгээг бид хамгийн хямд байх ёстой гэдэг хэвшлээсээ салаагүй л гэсэн үг. Хотын төвийн бүх авто зогсоолыг үнэтэй, төлбөртэй болгочих, байрны доод талын зогсоолуудыг ч бас нэг айлд нэг зогсоол гэж хуваарилж өгөөд илүү зогсоолоо нь төлбөр авсан ч болно.. Баян хоосны ялгаа гарлаа, юм бүхнийг мөнгөөр шийдлээ гэж шүүмжлэх л байх. Гэхдээ өмнө нь ч монголчууд машинтай машингүй гээд л баян ядуугаараа ялгардаг л байсан, одоо хүн бүр машинтай болчихсон юм чинь одоо зогсоолтой нь л баян харагдана биз. Миний санаа ч биш л дээ, угаасаа дэлхийн бусад улс оронд хэрэгжсэн, жам ёсны үзэгдэл манайд ч жамаараа явж байна.. Зарим зүйлийг одоо ихэнх нь ойлгохгүй яваад байгаагаас биш, яг л өнөө 1990-ээд оны махны худалдагч эгч шиг. Ер нь бол өртөг ба үнэ хоорондоо зөрөхөөр л нийгмийн олон асуудал үүсч, авлига шударга бус цэцэглэж, тэнд нь улс төрч нар попорч тоглодог аж.
Нийтлэлч: ААНХАА
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.