ОХУ-ын хүний эрхийн дээд комиссартай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2018-11-12 Гадаад харилцаа


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо “Евро-Ази дахь хүний эрхийн хамгаалал: Омбудсманы сайн туршлагыг хуваалцах нь” олон улсын хоёрдугаар бага хуралд оролцож “Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн тус хурлын үеэр буюу энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Оросын Холбооны Улсын Хүний эрхийн дээд комиссартай хамтран ажиллах Санамж бичигт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Оросын Холбооны Улсын Хүний эрхийн Дээд Комиссар Татьяна Москалькова нар гарын үсэг зурлаа.

Энэхүү Санамж бичгийн зорилго нь ОХУ болон Монгол улсын иргэдийн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад талууд хамтран ажиллахад орших бөгөөд тус Санамж бичгийн хүрээнд ОХУ-ын Хүний эрхийн Дээд Комиссар нь тус улсад суугаа монгол иргэдийн хүсэлтийг хүлээн авч, шуурхай хянан үзэх бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс Монгол Улсад суугаа орос иргэдээс ирүүлсэн санал гомдлыг шийдвэрлэхээр боллоо.

Талууд орон нутгийн, бүсийн болон үндэсний хэмжээнд хүний эрхийн үйл ажиллагааны механизмыг сайжруулах зорилгоор тус зөвшилцлийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа хийх, онол болон практикийн бага хурал, семинар, сургалт зохион байгуулах юм. Хамтын ажиллагааны хүрээнд олон талт түвшинд харилцан туршлага солилцох, дадлага сургалт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хоёр улсын хүний эрхийн үндэсний байгууллагууд хамтран ажиллах нь ОХУ, Монгол Улсын иргэдийн эрхийг баталгаажуулахад хувь нэмэр оруулна хэмээн талууд Санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ онцоллоо.

Түүнчлэн Монгол, Орос, Узбек, Иран, Армян зэрэг таван улсын хүний эрхийн байгууллагууд хамтран Евро Азийн хүний эрхийн байгууллагуудын Альянс сүлжээг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.