ХНХ-ын сайд С.Чинзориг: ОУВС-гаас Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэсэн

2018-10-18 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт есөн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ хүрээнд дагалдах хуулиудын төслийг өргөн мэдүүлээд байгаа. Мөн “УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Ирэх онд Монгол Улсын нэгдсэн төсөв 9.9 их наядын орлоготой, 11.5 их наядын зарлагатай байхаар тооцож буй юм.

Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ирэх онд хайгуулын лицензийн 50 хувь, агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь, газрын тосны лицензийн төсвийн 30 хувийг тухайн аймаг өөрсдөө бие даан зарцуулах эрх олгохоор төлөвлөж байгаа. Энэ хүрээнд орон нутгуудад нийт хэдэн төгрөг хуваарилах вэ?” гэдгийг тодрууллаа. Харин энэхүү зохицуулалтын хүрээнд нийт 158 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.

Мөн энэ үеэр гишүүдийн зүгээс малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх байсныг 2020 он хүртэл хойшлуулах болсон шалтгааныг асууж байсан юм. Энэхүү асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “ОУВС-гаас Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлж болохгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор түр хойшлуулсан” гэсэн тайлбар өглөө.

Түүнчлэн Н.Учрал гишүүн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуульд Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулахаар тусгасан юм. Тиймээс ирэх жил уг санг байгуулах шаардлагатай байна” хэмээв. Түүнчлэн Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд энэ онд хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөж буйг тодруулсан юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ХНХ-ын сайдын багцад нэг тэрбум төгрөг тусгасан байна. Уг хөрөнгөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох аж. Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.

Харин Г.Мөнхцэцэг гишүүн Монгол Улс соёлын өвийг хамгаалах, музейн барилга байгууламжийг сайжруулах, шинээр барих шаардлага тулгарч байгааг санууллаа.

Ирэх оны төсвийн 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг хэрхэн нөхөхийгЖ.Ганбаатар гишүүн асуусан. Түүнчлэн, Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгүүдээс гадна томоохон ямар ямар бүтээн байгуулалт хийхийг тодруулсан юм.

Ирэх оны төсвийн алдагдлын дийлэнх хэсгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх шинэ нисэх буудал, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, Төв цэвэрлэх байгууламж барих зэрэг томоохон бүтээн байгуулалт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлын дийлэнх хэсгийг урт хугацаанд, хөнгөлөлттэй нөхцлөөр төлөх боломж бий гэдгийг Сангийн сайд учирлав. Түүнчлэн ирэх оны төсвөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зэрэг ажлыг гол зорилтоо болгосон хэмээлээ.

Мөн М.Билэгт, Х.Нямбаатар, Д.Тэрбишдагва нарын гишүүд хууль, тогтоолын төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж байв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.