Бизнес форумыг нээж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг үг хэллээ. Тэрбээр, манай хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн хэмжээ бодит боломжоос доогуур байгаа бөгөөд үүнийг цаашид нэмэгдүүлэх, экспортын нэр төрлийг олшруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага тулгарч байгааг онцоллоо. Түүнчлэн өнөөдрийн бизнес форум цаг үеэ олсон, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц болох арга хэмжээ болж байгааг тэмдэглээд тус улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэлэг технологи, сүүлийн үеийн ноу-хау-г ашиглан Монголд ХАА, газар тариалан, МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах төслүүд олноор хэрэгжүүлэх орон зай байгааг хоёр талын бизнес эрхлэгчдэд сонордууллаа. Чех Улсын дэмжлэгтэйгээр “Дархан нэхий” компанийн тоног төхөөрөмж, технологийг шинэчилсэн төсөл нь өнөө хэр амжилттай хэрэгжиж буй төсөлд тооцогддогыг мөн онцлов.
Уулзалтын үеэр хүнсний технологийн чиглэлээр сургалт явуулдаг Ренова сургалтын төв, цуглуулгын барааг тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг “ЭГТ экспресс” компани, мөн тээвэр логистикийн чиглэлийн “Арго Бохема”, Чехийн экспорт банк болон бусад бизнесийн төлөөлөл танилцуулга хийлээ. Чехийн экспорт банк анх томоохон тоног төхөөрөмжийн экспортыг дэмждэг байсан бол одоо бүх төрлийн экспортыг дэмжих болсон туршлагаа хуваалцав.
Мөн энэ үеэр БНЧУ-ын “Атакирус” компани манай “OGP” групп хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Бизнес форумаар хоёр тал В2В уулзалтуудыг зохион байгуулав.
“Ворренс” болон “Атакирус” компанийг төлөөлөн ирсэн Ричард Вомастик ярихдаа “Бид нисэх онгоц, ачааны машины үйлдвэрлэл, хамгаалалтын хэрэгсэл, ачааны машины үйлдвэрлэл, төрөл бүрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн нислэгийн баг, иргэний болон байлдааны нисгэгч нарыг сургаж бэлтгэх үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улсад анх удаагаа ирж байна. Ирээд уулзаж ярилцаад хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай бизнес групп Монголд ирээд гурав хонож байна, Төв аймагт зочилж бизнес эрхлэгчидтэй уулзсан. “Expo Mongolia” үзэсгэлэн үзэж сонирхлоо. Монгол Чех хоёр улс эртнээс нягт хамтран ажиллаж, худалдааны олон төслүүд хэрэгжүүлж байсан, энэ хамтын ажиллагаагаа цаашид сэргээх хэрэгтэй. Харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед Чех Улс хол биш ээ, Монголын бизнес эрхлэгчидтэй бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно гэв.
Харин эрчим хүчний инженер Р.Дорж “Би эрчим хүчний чиглэлийн мэргэжилтэй, Чехэд сургууль төгссөн, III цахилгаан станц, Таван толгойн уурхайд ажиллаж байсан. Тэтгэвэрт гараад удаагүй байгаа. Чехийн “Зиматехник” компанитай хамтран ажиллахаар тохиролцлоо. Хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр мундаг технологитой юм байна. Эзэмшсэн мэргэжил, олж авсан туршлагаа түшиглээд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо” хэмээв.
Тус форумыг хоёр улсын хувийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шинэ боломж, зах зээл, түншлэл, харилцаа холбоо тогтоох чухал арга хэмжээ боллоо гэж оролцогчид санал нэгтэй дүгнэлээ.
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30404
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.