Зуны гурван сар шинэ хичээлийн жилээ догдлон хүлээсэн бяцхан үрсийн хүсэл талаар болж, цалингаа голсон багш нар эхнээсээ ажил хаяад эхэллээ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлэх багш нарын ажил хаялт өнөөдрийн байдлаар 33 цэцэрлэгийн багш, ажилтнуудын цуваагаар үргэлжлэв. Өнгөрсөн хавраас хойш цалин нэмүүлэх гэсэн багш нарын тэмцэл ийнхүү түмний хүүхдийн сурч боловсрох эрхийг гээгдүүлсээр байгаа юм.
Тиймээс МБШУҮЭХ-ны дарга Б.Батзоригоос энэхүү үйл явдлын талаар тодруулахад “Өнгөрсөн онд биднийг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид ажлын байран дээр хаяад суух биш бүгдээрээ талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулна. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид бүхэнд ажил хаях эрх үүссэн учраас хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулагдана. Ажил олгогч, засгийн газрын талынхан бид нарыг хууль бусаар ажил хаяж буй мэтээр харагдуулж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ цаана нь хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байхаар ажил хаяна” хэмээн мэдэгдэв.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Шийдвэрийн дагуу төрийн алба хаагчдын цалинг 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмсэн. Ингэхдээ багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болон тэдгээрээс бага цалинтай төрийн алба хаагчдын цалинг эхний ээлжид найман хувиар нэмсэн байгаа. Үүнд төрийн үйлчилгээ, төрийн тусгай алба, төрийн захиргааны алба хаагчид хамрагдана. Ингэснээр нийт 145 мянган хүний цалинг найман хувиар нэмсэн гэсэн үг. Түүнчлэн эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэгээр ахиулж, цалинг 12.3 хувиар буюу 87.9 мянган төгрөгөөр нэмж байгаа. Харин сувилагч нарын зэрэглэлийн 1-2-оор ахиулж, цалинг нь 20-30 хувиар буюу 127000-183000 мянган төгрөгөөр нэмлээ. Мөн соёл урлагийн салбарынхны цалин 14-32 хувиар буюу 29000-146000 төгрөгөөр өссөн” гэдгийг тодруулж байгаа юм.
Гэвч багш нар цалингийн нэмэгдлийг “чихэр харуулаад өнгөрөх хэмжээний” хэмээн үзэж, өнөөдрийн байдлаар МБШУҮЭХ-ээс мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 45 сургууль ажил хаялтад хамрагдсан байна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байгаа аж. Мөн нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээ мэдэгдээд байна. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтад оролцохыг хүссэн бичгийг 92 цэцэрлэгийн удирдлагад хүргүүлжээ. Харин тэдний 33 нь дэмжихээ илэрхийлсэн байна.
Тэгэхээр Монгол Улсын төрд албан хаагчдынхаа цалинг хүссэн хэмжээнд нь нэмж болохгүй “зoвлон” бий. Манай улс өнгөрөгч оноос эхлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан дээрээс ирэх тушаалын дагуу хөдлөх болсон нь бодит үнэн. Тийм ч учраас төрийн албан хаагчдынхаа цалин тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон гэсэн үг. Гэвч Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, хүч түрэн салбаруудын цалинг ялгаатай нэмэх болсон. Тухайлбал, төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, Соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас энэ удаагийн цалин нэмэлтэд 58.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Гэвч багш нарын ажил хаялт ийнхүү хүрээгээ тэлсээр байна.
Өнөөдрөөс эхлэн дараах 33 цэцэрлэгийн багш нар ажил хаяж байна.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ /НИЙТ 9/
-57 дугаар цэцэрлэг
-66 дугаар цэцэрлэг
-77 дугаар цэцэрлэг
-88 дугаар цэцэрлэг
-89 дүгээр цэцэрлэг
-95 дугаар цэцэрлэг
-100 дугаар цэцэрлэг
-164 дүгээр цэцэрлэг
-198 дугаар цэцэрлэг
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ /НИЙТ 5/
-61 дүгээр цэцэрлэг
-122 дугаар цэцэрлэг
-172 дугаар цэцэрлэг
-199 дүгээр цэцэрлэг
-200 дугаар цэцэрлэг
СҮХБААТАР ДҮҮРЭГ /НИЙТ 1/
-135 дугаар цэцэрлэг
ХАН-УУЛ ДҮҮРЭГ /НИЙТ 16/
-12 дугаар цэцэрлэг
-27 дугаар цэцэрлэг
-29 дүгээр цэцэрлэг
-41 дүгээр цэцэрлэг
-49 дүгээр цэцэрлэг
-53 дугаар цэцэрлэг
-67 дугаар цэцэрлэг
-71 дүгээр цэцэрлэг
-72 дугаар цэцэрлэг
-73 дугаар цэцэрлэг
-145 дугаар цэцэрлэг
-189 дугаар цэцэрлэг
-190 дүгээр цэцэрлэг
-218 дугаар цэцэрлэг
-219 дүгээр цэцэрлэг
-243 дугаар цэцэрлэг
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ /НИЙТ 2/
-70 дугаар цэцэрлэг
-74 дүгээр цэцэрлэг
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.