НББСШУ-ны байнгын хороо 10 удаа хуралдаж, есөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ

2018-07-4 Парламент

2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, 5 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 2, харьяа байгууллагын тайлан 2, хяналт шалгалтын ажлын 5 тайланг хэлэлцэж, батлуулжээ. Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 30 удаа хуралдсан байна.

Энэ хугацаанд тус Байнгын хороо хэлэлцэх эсэх тухай 10 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 8 санал, дүгнэлт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 5 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн зарчмын зөрүүтэй саналын томьёолол 31-ийг бэлтгэж, нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдээллийн мониторинг” Үндэсний статистикийн хорооны танилцуулга, “Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа” Үндэсний хөгжлийн газрын танилцуулгыг сонсож, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагад чиглэл өгсөн байна.

Монгол Улсын консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны 7 тогтоолыг батлан холбогдох байгууллагад хүргүүлжээ.

Байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж ажиллажээ.

Түүнчлэн “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 1998 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар “Тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоол, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулсан байна.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуул, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоол, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг батлуулж ажиллажээ.

Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тамхины хяналтын тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслүүд Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдэж байгаа аж.

Хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооны тогтоолоор эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиг үүрэг бүхий 10 ажлын хэсгийг байгуулж, холбогдох яам, харьяа агентлагт Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцаж, биелэлтэд хяналт тавьж ажилласан бөгөөд ажлын хэсэг дараахь ажлуудыг хийж гүйцэтгэжээ:

1/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл өгчээ. Хэрэгжилтийг Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх аж.

2/Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгуулага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгчээ.

3/Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. Тайлангийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг 2018.06.26-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар сонссон байна.

4/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлд анхаарах санал бүхий Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн аж.

5/Монгол Улсын Их Хурлаас Азийн Хүн амын хөгжлийн нийгэмлэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази-Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнийг зохион байгуулахад оролцсон байна.

Байнгын хорооноос “Элэгний эмгэггүй Архангай-1” төслийн үр дүнг танилцуулах уулзалт, “Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид тавих зорилт”, “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгүүд, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, “Эх, нярайн яаралтай тусламж” сэдэвт сургалт, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг, “Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” сэдэвт хэлэлцүүлэг, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж, Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Архангай, Баянхонгор, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудад эрхлэх асуудлын хүрээнд, харьяалах яам, агентлагын төлөөлөлтэй хяналт, шалгалтын ажил хийж, холбогдох байгууллага, иргэдийг оролцуулан уулзалт хийжээ.

Мөн хугацаанд Байнгын хорооны гишүүд Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын Багшийн Их Сургууль, Монгол Улсын консерватори, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Байнгын хороонд хандаж, төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 262 албан бичиг ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, албан бичгийн хариуг холбогдох байгууллага, иргэдэд хуулийн хугацаанд хүргүүлсэн байна хэмээн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.