УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.28) хуралдаан 13 цаг 57 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв.
Төслийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулахдаа, УИХ-ын гишүүдийн гаргасан холбогдох саналуудыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг 10.4 тэрбум төгрөгөөр бууруулан, нийт дүнгээр 18.9 тэрбум төгрөг байхаар тооцсон гэв. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 03 дугаар тогтоолоор “ТАБ-ын 2019 онд хийх аудитын сэдэв”-ийг баталж өгсний дагуу 4140 санхүүгийн, 212 гүйцэтгэлийн, 168 нийцлийн аудит хийх зардлыг орон нутаг дахь Төрийн аудитын 21 газар, нийслэлийн аудитын газар, Үндэсний аудитын газар, нийт 23 төсвийн шууд захирагчаар зардлыг төлөвлөн боловсруулсан байна.
Монгол Улын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төсөл урьд оны төлөвлөгөөнөөс 7.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласан. Тухайлбал, 2017-2018 онд царцаагдсан байсан ТАБ-ын албан хаагчдын үр дүнгийн урамшууллыг 2019 онд хагас, бүтэн жилээр тооцон олгох зардал, тэтгэвэрт гарч буй албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийн зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамжийн зардал болон аудитын бусад зардал, орон нутаг, нийслэл дэх ТАГ-уудын ажлын байрны түрээсийн зардал, томилолтын зардал зэрэг байгаа аж.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэхийг дэмжсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.