Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-06-28 Парламент

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаан 11 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад гишүүдээс хоёр хуулийн төслийг нэгтгэн нэг төсөл болгож дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх санал гаргасныг төсөл санаачлагчид дэмжсэн тул УИХ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын бүлгүүдээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Л.Болд, Б.Баттөмөр, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар багтаж ажиллажээ.

Байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүн бүр ойлголттой, бүрэн гүйцэт мэдээлэлтэй, нэгдсэн байр суурьтай болох шаардлагатай учраас ажлын хэсгийн байр суурь, саналын томъёоллуудтай танилцаж, намын бүлгээрээ ярилцаж байр сууриа нэгтгэх үүднээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Намын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслүүдийг нэгтгэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг суурь болгож хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлд “10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй” гэсэн 2 дахь өгүүлбэр” нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналтай холбогдуулсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын асуултад ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Хурууны хээгээр санал өгөх техникийн боломж бүрдүүлэхэд төсөв санхүү болон тодорхой цаг хугацаа шаардагдана.

Иймээс төсөв санхүүгийн асуудлыг нь ирэх оны төсөвт суулгаж шийдвэрлэх, дараа нь тоног төхөөрөмж худалдаж авах, технологийн горимд оруулах гээд багагүй цаг хугацаа шаардагдах учраас энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх саналыг ажлын хэсэг гаргасан” гэдгийг тайлбарлав. Харин хуралдаанд оролцсон гишүүд асуудлыг бүтэн жил хойшлуулахгүйгээр зардал мөнгийг ирэх оны төсөвт суулгасны үндсэн дээр ирэх хаврын чуулган эхлэхэд техникийн боломжийг бүрдүүлэх хангалттай цаг хугацаа байна гэж үзсэний үндсэн дээр төслийн энэ заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалт болох Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдаагүй зарим асуудлыг хэлэлцэх дэгийг журмыг тодруулахтай холбогдсон заалтыг бүхэлд нь хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдэв.

Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг тус тус хасахаар болов. Ингэснээр гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хоцорсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдсан нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол гишүүнийг эгүүлэн татах, мөн гишүүн Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан гурваас дээш удаа оролцоогүй бол түүнийг тухайн Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргана гэсэн агуулгатай заалтууд төслөөс хасагдаж байгаа юм. Эдгээр заалт нь гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байгаа учраас хасах нь зүйтэй гэдгийг төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олон гишүүн гаргаж байсан юм. Ингээд хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.