УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжсэнгүй

2018-06-15 Парламент

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төрийн өмчид байгаа илүүдэл, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ, шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх, эд хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх шаардлагад үндэслэн тогтоолын төслийг боловсруулсан юм. Байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нарын гишүүд тодорхой саналуудыг хэлсэн юм. Ингээд анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 36.7 дэмжиж санал өглөө. Ийнхүү гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр шийдвэрлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.