Иргэний улсын бүртгэлийн тухай анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-06-15 Парламент

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав.

Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэрээ Ц.Мөнх-Оргил гишүүний ахалж, Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнд нь ажилласан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэжээ. Ингээд төслийн зарим нэр томъёог Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн иргэнийг сураггүй алгба болсонд тооцсон шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгэх асуудлыг тусгах, гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол Улсын харъяат болгон тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа харъяалалгүй хүүхдийг үрчлэн авах асуудал, үрчлэн авах журмын зохицуулалт нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдах тул төслөөс хасаж, хууль хоорондын уялдааг хангахаар холбогдох саналын томъёоллуудыг хэлэлсэн байна.

Иргэн овог, эцэг (эх)-ийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор тусгах, оршин суух хаяггүй иргэний болон хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн хэсэгт иргэний байнга, түр оршин суух зохицуулалтыг тусгах, шилжилт хөддөлгөөний бүртгэлийн хэсэгт иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон иргэний улсын бүртгэлийн хаягийн бүртгэлд өөрчлөл оруулалт зохицуулалт тусгахтай холбоотой саналын томъёоллуудыг Байнгын хороо хэлэлцсэн гэв. Төгсгөлд нь төслийн дагаж мөрдөх хугацааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдан, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх талаарх зохицуулалтыг хэлэлцсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Ингээд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээ Байнгын хороонд шилжүүллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.