Хүүхдийн баяр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны сурагчид хоолны хордлогод оржээ. Тус сургуулийн зүгээс хүүхдийн баярыг угтан уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхдүүдээ баярлуулсан байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн 37 сурагч, зургаан багш хоолны хордого гэсэн оноштойгоор БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Тэднээс нэг хүүхдийн бие хүнд, 13 хүүхэд хүндэвтэр байгаа ажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сурагч, багш нараас бактерологийн шинжилгээ авахад цусан суулгын нян илэрсэн байна.
Аймаг, орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндлийн газраас сайдын 508, 328 тоот тушаалын дагуу шуурхай арга хэмжээ авч байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг манай аймагт ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээс гадна гадуур байгаа 175 сурагч, 46 багш ажилтныг шинжилгээнд хамруулаад байгаа аж.
“Орхон эмпати” сургуулийн удирдлагаас хүүхдийн баяраар дотуур байрны хүүхдүүддээ пирошки, кембаб хийж өгчээ. Урьдчилсан байдлаар багш, сурагчдын хордлогын онош гэдэсний халдварт өвчин болох нь тогтоогджээ.
Тус сургуулийн дотуур байрны цайны газар нь хоолны дээжээ авдаггүй. Сургуулийнхаа цэвэрлэгчээр кембаб ороолгодог, нэг тогооч нь өөрөө гэдэсний цусан суулга өвчний нян тээгч байсан нь илэрсэн байна. Тус сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын зуны амралт эхлээгүй, өнөөдөр дотуур байрны сурагчдад ямар хоол унд өгч байгаа, цайны газар болон орчны ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сургууль руу дотогш нь гадны хүн нэвтрүүлэхгүй, мэдээлэл өгөх боломжгүй хаалттай байна.
БНТурк улсын хөрөнгө оруулалттай, тэндхийн өндөр мэргэжлийн багш нар бүхий боловсон хүчинтэй, жилдээ гурав хүртэлх сая төгрөгийн төлбөртэй сургалттай тус сургуульд суралцаж байгаа Эрдэнэтийн хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд өнөөдрийн байдлаар ямар ч баталгаа алга байна. Түүгээр ч үл барам зарим нэг мэдээллээс харвал тус сургуулийнхан дотуур байрны хүүхдүүддээ хоносон хоол өгдөг ажээ.
Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
Аймийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр “Орхон эмпати” сургуулийн сурагчид хоолны хордлогод орсон явдал өндрөө авч яригдлаа. Аймгийн Мэргэжлийн хяналтынхан дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж. Эрүүл мэндийн газар болон холбогдох албаныхан тус сургууль дээр ажиллаж болсон үйл явцын талаарх мэдээллээр аймгийн удирдлагуудыг хангасан байна.
Засаг дарга энэ үеэр хэлэхдээ “Орхон эмпати сургуулийн удирдлага дотуур байрны сурагчиддаа хоносон хоол өгдөг байна. Хоолны дээж ч авдаггүй. Сарын өмнө хоолны цэсээ баталдаг ч дуртай өдрөө өөрчлөөд хоносон хоолоо өгдөг. Тогооч нарын нэг нь өөрөө гэдэсний халдварт өвчний нян тээгч байна. Угаагчаараа кембаб ороолгосон. Үүнээс болж тус сургуулийн багш сурагчид хоолны хордлогод орсон. Энэ бүхэн шалгалтаар илэрсэн. Иймд Нийгмийн бодлогын хэлтсийнхэн тодорхой ажил зохион байгуул. Энэ бол бидэнд ирж байгаа цохилт. Хэдэн тогооч, эмчийн буруу болоод, тэдэнд арга хэмжээ аваад өнгөрч болохгүй” гэдэг үүрэг даалгавар өглөө.
“Орхон эмпати” сургуулийнхан аймгийн Засаг даргын захирамж, төрийн байгууллагуудын зүгээс гаргасан холбогдох тушаал, шийдвэрийг биелүүлдэггүй дур зоргоороо зөрчдөг байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчинд, тэдгээрийн цайны газарт шарсан, хуурсан бүтээгдэхүүн пирошки, хуушуур худалдаалахыг хориглосон. Гэтэл “Орхон эмпати” сургуулийн удирдлага өнөөдрийг хүртэл сурагчдынхаа ходоодыг шархлуулах зорилгоор тэдэнд ханасан тосонд шарсан пиоршкигоор дайлж байна.
Мөн аймгийн Засаг даргын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ үед зохион байгуулалтайгаар ой, хээрийн бүсэд аялал жуулчлал, зугаалга хийхийг хориглосон. Гэтэл тус сургуулийн захиргаанаас санаачлан албан ёсоор зохион байгуулж Хүүхдийн баяраар сурагчдаа ой, хээрийн бүсэд зугаалуулжээ. Зарим нэг албан бус мэдээллээс харвал тус сургуулийн захиргаа тогооч, эмч, угаагч нараа ажлаас нь халаад асуудлыг намжаах арга хэмжээ авч байгаа гэнэ. Турк сургуулийн сурагчдын хоолны хордлогын талаарх анхны мэдээ зургаадугаар сарын 1-ний өдрийн оройхон нэгэн иргэний цахим хуудсанд тавигдсан ч тун удалгүй устгагдсан ажээ. “Орхон эмпати” сургуулийн захиргаанаас энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээллийг хэвлэлээр хийгээгүй, асуудлыг тас нуухаар, эрдэнэтчүүдэд мэдэгдэхгүй өнгөрөөхөөр чармайж байгаа бололтой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.