Евгения Балтатарова, сэтгүүлч
Нэгдүгээр сарын сүүлчээр Алексей Цыденов Монгол Улсад айлчилж, “Бүгд Найрамдах Буриад Улсын хөрөнгө оруулалтын чадавх” бизнесийн бага хуралд оролцсон юм. Түүнтэй хамт Буриадын бизнесийн төлөөлөл болон албан тушаалтнууд хөрш орон руу явсан билээ. Монголчуудад тэрээр Буриадын аялал жуулчлал, түүн дотор эрүүл мэндийн аялал жуулчлалыг санал болголоо. Байгаль нуурын боомт, авто аялал жуулчлал, ашигт малтмал – түүхий эдийн цогцолбор гэх мэт.
Түүнээс гадна Сэлэнгэд усан цахилгаан станц барихын оронд Гусиноозерын усан цахилгаан станцын гаргасан эрчим хүч авахыг санал болгов.
Монголчууд сонирхож, эелдэг байдлаараа толгойгоо дохисон бөгөөд тэр ч байтугай Алексей Цыденовыг гадаадын иргэдэд зориулсан шагнал-Алтан гадас одонгоор шагнажээ.
Гэвч манай Бүгд Найрамдах Улс, Монгол хоёрын хоорондох харилцаанд өөрчлөлт орсныг халуун дотноор хүлээн зөвшөөрсөн хэрэг үү?
Ийм төрлийн бизнесийн уулзалт нь 2000 оны эхнээс тогтмол явагдаж байна. Мэдээж хэрэг, асуудлын нэг хэсэг нь аажмаар шийдэгдэж байгаа боловч зарим асуудлууд шийдэгдээгүй үлдсээр байгаа юм.
Эсгий хийх газар нохой хэрэггүй юу?
Буриад, Монголын харилцааг ОХУ-ын гадаад бодлогын хүрээнд авч үзэхгүй бол болохгүй юм. Эндээс үзвэл Бүгд Найрамдах Буриад улсын харилцаа нь өнөө үед нөхөрсөг, ажил хэрэгч харьцаа байгаа бөгөөд харин бүх л чухал шийдвэрийг Кремль гаргаж байна. Тухайлбал, Владимир Путины Монголд хийсэн айлчлалын дараа 2014 онд визгүй зорчих горимыг нэвтрүүлсэн юм.
Үүний зэрэгцээ Монгол Улсад цэрэг-техникийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх зорилготой гэрээнд гарын үсэг зурж, өрийг хүчингүй болгов.
1996 онд Буриад нь Улаанбаатарт төлөөлөгчийн газар нээсэн бөгөөд 2010 оноос эхлэн сайдын зэрэгтэй Засгийн газрын гишүүн удирдах болжээ. Гэхдээ ажилтнууд нь дипломат статусгүй бөгөөд ОХУ-ын нэгэн бүс нутаг ба хөрш орон хоёрын хооронд худалдааны, соёлын зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байлаа. Үүний зэрэгцээ Монгол-Оросын хоорондын харилцаанд Буриад нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь маргаангүй бөгөөд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгээгүй юм.
Төлөөлөгчийн газар нээхэд Улаанбаатар дахь Оросын Элчин сайдын яам нааштай хандсан ба Монголын дээд удирдлагатай Буриадын удирдагчдын уулзалтыг сонирхож байснаас гадна зарим талаараа тусалж байв. Тухайлбал, Буриадын төлөөлөгчийн газрын бүтцийг илүү үр дүнтэй болгон хувиргах талаар асуудал гарч ирэхэд Элчин сайдын яам үүрэг хариуцлагын нэг хэсгийг авч байлаа. Түүнчлэн Буриадын хуучин төлөөлөгчийн газрын ажилтнуудад дипломат паспорт олгосон бөгөөд тэд ОХУ-ын Гадаад яамны харьяат болсон байна.
Өнөөдөр Монгол улс өөрийнхөө түүхэнд (1990-ээд оноос хойш) ОХУ-тай хамтран ажиллахыг илүү сонирхож байна. Ардчилсан хүчнээс гарсан шинэ ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Монголын төлөөлөгчдийг өөрөө тэргүүлж, Оросын бизнесийн форумд идэвхтэй оролцсон юм.
ОХУ-тай, түүний дотор Буриад улстай харилцах Монгол Улсын эрх баригчдын сонирхлын тухай Оросын элчин сайд Искандер Азизов 2017 оны зун Халтмаагийн Баттулгыг тангараг өргөх ёслолын үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь ОХУ-тай харилцах харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн.Тэрбээр Орос-Монголын харилцааг бүх салбарт хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүс нутгийн харилцаа, хил орчмын бүс нутгийн харилцаа нь чухал байр суурьтай болохыг онцлов-гэж Искандер Азизов онцолж хэллээ.
ОХУ ба Монгол улсын худалдааны эргэлтийн хэмжээ 2015 он хүртэл тогтвортой өсөж байв. Албан ёсны статистик мэдээгээр 2008 онд 790 сая доллар байсан бол 2014 онд 1,5 тэрбум доллар болсон байна. Гэвч Оросын санхүүгийн хямралын улмаас 1.13 тэрбум доллар болтлоо унажээ.
Өнөөдөр ОХУ-тай хийх худалдаа нь Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлтийн 20 орчим хувийг эзэлж байна. Хамгийн гол худалдааны түнш нь Хятад байгаа бөгөөд 2016 онд 5 тэрбум рубль байсан юм. Буриад, Монгол хоёрын хоорондох худалдааны эргэлтийн талаарх статистик тоо баримт байдаггүй ч Буриадын эрх баригчид нийт худалдааны 10 орчим хувийг эзэлдэг гэж дүгнэж байна.
ЗХУ-ын үеэс эхлэлтэй Оростой хамтарсан үйлдвэрүүд Монголд байгаа бөгөөд тухайлбал, Эрдэнэтийн молибдений үйлдвэр (Азид хамгийн томд тооцогддог), уулын баяжуулах Монголросцветмет компани, УБЖД (Улаанбаатар төмөр зам) гэх мэт юм.
2016 онд “Ростек” нь Монголын зэсийн компанитай Орос-Монголын хамтарсан уул уурхайн үйлдвэрийн 49 хувийг худалдах гэрээ байгууллаа. Ингэж Эрдэнэт нь бүрэн монголынх болсон юм. Улаанбаатарын Төмөр зам нь том хамтарсан компани хэвээр байна.
Буриадын тэргүүн Алексей Цыденов ОХУ-ын Тээврийн дэд сайдын албыг хашиж байхдаа ОТЗ-ийн захирлуудын зөвлөлд ажиллаж байсан бөгөөд УБТЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн байв. Тийм учраас Цыденовыг их баяртай хүлээж авсан билээ.
Өнөөдөр УБТЗ нь юуны түрүүн төмөр замаа цахилгаанжуулах хэрэгтэй байна. Одоо болтол Зөвлөлтийн мэргэжилтнүүд барьж өгсөн Монголын төмөр замын дагуу дизель зүтгүүрүүд явж байгаа юм. Тиймээс сүүлийн үед болж байгаа Монгол-Буриадын уулзалтын гол сэдвүүдийн нэг нь эрчим хүчний худалдан авалт, мөн төмөр замын хөдлөх бүтцийн шинэчлэлт юм.
2008 онд Вячеслав Наговицын Монголд анх удаа албан ёсны айлчлал хийхэд талууд монголчууд Улаан-Үд хотод зүтгүүрээ засварлах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч амлалтаа биелүүлээгүй бөгөөд засварын ажлыг Зүүн Европт хийж гүйцэтгэж байгаа нь баахан логикгүй юм. Өнөөдөр энэ асуудал хэлэлцээрийн үеэр дахин гарч ирэх байх.
Тээврийн хонгил
Алексей Цыденов болон түүний өмнөх хамтрагчид Хятад, Монголын бараа бүтээгдэхүүнийг цааш нь явуулах боломжтой логистикийн төвүүдийг Буриадын нутаг дэвсгэр дээр байгуулах хэрэгцээ шаардлагыг удаа дараа ярьж байсан юм. Гэсэн хэдий ч тэр нь Монгол Улс өөрийн орны дотоодын зам, гаалийн асуудлыг шийдээгүй тохиолдолд утга учиргүй болох болно. Хятадтай хийх худалдаа Манжуураар шууд амжилттай явагдаж байгаа тул хонгилын оршин тогтнох асуудал эргэлзээтэй бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар Монголоор дамжин өнгөрөх зам нь хүргэх зайг 1000 км-ээр багасгадаг байна.
2000 оны эхээр “Мянганы зам” хөтөлбөрийг Монголд эхлүүлсэн боловч замын ажил тэр болгон хурдтай явахгүй байгаа юм. Төсөлд тухайн үед Хятадын болон олон улсын санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийсэн хэдий ч Монголын албан тушаалтнуудын залхуу байдал, авлига нь саад болсоор байна.
Замаас гадна Монгол улс хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал бага байдаг. Тухайлбал, Хятадын Эрээний хотын эсрэг байдаг Замын Үүд хилийн боомт нь Оросын хил дээр байдаг Алтанбулагаас илүү сайн, илүү хурдтай ажилладаг боловч барааны урсгалыг дийлдэггүй юм.
Оросын зах зээл сонирхож байгаа бизнес эрхлэгчдийн бараа нь хэдэн долоо хоногоор хил дээр зогсдог учраас энэ зам нь ашиггүй байдаг ба дахиад л Манжуурын боомтыг сонгохоос өөр зам үлдээгүй байна.
Буриадууд алгуурхан ойртсоор…
Гэвч манай хоёр орны хамтын ажиллагаанд зарим талаар саад болж байгаад нь ганц Монголчуудыг буруутгах боломжгүй юм. Буриадын логистикт ч асуудал бий билээ. Арван жилийн турш хилийн боомтын нөхцөл байдлыг эрс сайжруулж чадсангүй. Хиагт, Наушка, Монд нь цаг хугацааны шаардлагыг хангахгүй, ялангуяа визгүй дэглэмийн үед бараа эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг хангаж чадахгүй байна. Үнэндээ энд буруу нь Буриадад байгаа биш юм аа.
Улсын хил нь Холбооны эрх бүхий байгууллагын эрх мэдэлд байдаг. Жишээлбэл, гэрээт гүйцэтгэгчид ажил саатуулсны улмаас Росгранстрой нь Хиагтын автомашины нэвтрүүлэх цэгийн сэргээн босголтыг дуусгаж чадаагүй байна.
Олон улсын автомашины нэвтрүүлэх цэгийг сэргээн засварлах ажил 2013 оноос эхэлсэн юм. Шинэ цэгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, өдөрт дунджаар мянган машин нэвтрүүлэх болно. Нэвтрүүлэх гарц нь 5 эгнээтэй: ачааны ба суудлын тэрэг орох, гарахад зориулж тусдаа хоёр гарцтай. Нэг эгнээ нь орох, гарахад зориулагдсан ба энэ эгнээгээр зорчигчийн автобус явна.
Бүх тээврийн хэрэгсэл нь нэг хаалганд ордог учраас дараалал үүсдэг. 2016 онд хорин дөрвөн цагийн горим руу шилжээд ч нэвтрүүлэх чадвар үлэмж нэмэгдээгүй. Түүнээс хойш сэргээн босголтын ажлыг авлигын талаар мөрдөн байцаах, эрүүгийн хэрэг үүсгэхээс бусад тохиолдолд санахгүй болжээ. Хиагт дахь автомашины аялал жуулчлал нь зөвхөн Бүгд Найрамдах улсын мэдэлд байдаг. Гэсэн хэдий ч бахархах зүйл байхгүй юм. Өнөөдөр дэд бүтцийн салбараас (уурын зуух ба ус шахах цамхаг) бусад баригдсан ганцхан объект нь «Абсолют» гипермаркет байна.
Тийм учраас Буриад-Монголын харилцааны ирээдүй нь холбооны засгийн газар болон хилийн дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтээс бүхэлдээ хамаарч байна.
Буриад нь өнөөгийн харилцааны асуудлыг хариуцдаг учраас бизнесийн орчныг эрүүл байлгах, сонирхолтой санаачилгыг дэмжих замаар энэ хөрсийг бэлтгэх ёстой юм.
Товчлон орчуулсан Д.Баярцэнгэл
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.