Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.долларт хүрчээ

2018-05-24 Ханш

 

Монгол Улс 2018 оны эхний 4 сард дэлхийн 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.7 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.1 тэрбум америк доллар, импорт 1.6 тэрбум америк долларт хүрлээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.0 (22.9%) сая америк доллар, үүнээс экспорт 225.8(11.9%) сая америк доллараар, импорт 464.2 (41.5%) сая америк доллараар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 4 сард 781.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 238.5 (30.5%) сая америк доллараар буурч, 543.4 сая америк долларт хүрчээ.

Экспорт 2018 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 225.8 сая америк доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 68.8 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 68.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 464.2 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 90.3 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 56.9 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 120.6 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 78.6 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 56.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.3 хувийг эзэлж байгаа бол импортын 67.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.