ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ХҮНДЭТГЭЛИЙН САМБАРТАЙ БОЛЛОО

2018-05-21 Мэдээ, мэдээлэл


ОБЕГ-ын Аврах тусгай ангийн хамт олны санаачлагаар энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдадаа зориулан бүтээсэн “Монголын энхийг сахиулагч” хүндэтгэлийн самбарын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, АТА-ийн захирагч, хурандаа А.Намсрай, хошууч генерал Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний 345 дугаар тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Аврах тусгай ангийн хөгжмийн тусгай бүлгийн хөгжмийн удирдаач, ахмад А.Алтансүх, хөгжмийн тусгай бүлгийн дарга, ахмад М.Баясгалан, Эрэн хайх, аврах салбарын аврах багаж хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Ц.Мөнхцогт, Тусгай чиг үүргийн салбарын захирагч, хошууч Б.Баярбаатар нарыг “Торгон цэрэг” хүндэт харуулд алба хаасны төлөө медалиар шагнаж, урамшууллаа.

Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 эхлэн тасралтгүй оролцож эхэлсэн. Эдүгээ нийт 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн.

Энэ онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VII ээлжинд Онцгой байдлын албаны 26 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.