Цэвэрлэх байгууламжийг барих ажлыг энэ онд эхэлнэ

2018-05-14 Мэдээ, мэдээлэл

Нийслэлчүүдийн шүдний өвчин болсон Цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил энэ жил эхэлнэ гэдгийг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү албан ёсоор мэдэгдлээ.

Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шинэ цэвэрлэх байгууламж барихтай холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд усны бохирдлын судалгааг хийжээ. Сангийн яамнаас хуучин лагийг цэвэрлэхэд зориулж энэ жилийн төсөвт 10 тэрбум төгрөгийг төсөвлөж өгсөн байна.

“Өдөрт 1200-1400 шоометр 96,5 хувийн чийгшилтэй түүхий лагийг 44 карт бүхий лагийн талбай руу шахдаг. Энэхүү лагийг 5 тонны машинаар зөөвөл 8-10 машин болно гэсэн үг. Энэ бол ганцхан өдрийн дүн. Шахсан лагийг 60 жил ил задгай байгалийн аргаар хатааж байсан шүү дээ. Манай ажлын хэсэг дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи болох лагийг шатаах арга юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Цэвэрлэх байгууламжаас 97 хувийн чийгшилтэй гарч буй лагийг үйлдвэрийн аргаар 70 хувийн чийгшилтэй болгож хатаагаад дараа нь шатаана гэсэн үг” хэмээн тус газрын дарга хэлсэн байна.

Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл, Ус сувгийн удирдах газрын хамт олон, инженер техникийн ажилтнууд нийт 2-3 сарын хугацаанд лаг үнэргүйжүүлэх ажлыг хийхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа аж. Харин 60 жилийн турш хуримтлагдсан лагийг саармагжуулах үеэр зайлшгүй үнэр гарна гэдгийг албаны хүн дурьджээ.

Хуримтлагдсан лагийн өнгөн хэсэгт үнэр саармагжуулах бодис цацаж, модны үртсээр хучаад цаашид ногоон байгууламж болгох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.