Монголын Эмч, Эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр УДЭТ-ын өмнөх талбайд жагсав. Тэд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаарджээ.
Жагсаалд Нийслэл хотоос гадна бүх аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл 5 мянга хүн жагсаалд оролцов. Тэд “Сувилагч, эмч нарт улстөржилт биш бодит үр дүн хэрэгтэй!”, “ҮЭ-тэй ярилц, ажилла, зөвшилц!” гэсэн уриа барьсан байлаа. Засгийн газар, салбарын хооронд байгуулсан гурван талт хэлэлцээрт тусгасан цалин хөлс нэмэх гэрээгээ биелүүлэхийг шаардав.
Монголын Эмч, эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, “Өнөөдрийн жагсаалд хамгийн сүүлд гэхэд Архангай аймгаас 60 хүн хоёр автобустай ирж оролцож байна. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс үйлчлэгч, асрагч нар хамгийн доод түвшин буюу 300-400, сувилагч 450-500 мянга, их эмч нар 550-630 мянган төгрөгийн цалин авч байна. Цаг наргүй ажилладаг бидэнд өгч байгаа өнөөдрийн цалингаасаа төр, засаг ичих хэрэгтэй. Үүнийг бид 50 хувиар нэмэхийг шаардаж хэлэлцээрт тусгасан боловч Засгийн газар биелүүлэхгүй байна. Хэрэв төр, засаг хэлэлцээрээ мөрдвөл бидний цалин дунджаар 1 сая төгрөг болох юм. Энэ бол өнөөдрийн эдийн засгийн өсөлттэй үед нийгмийн салбарын ажилтнуудаа анхаарахад боломжийн мөнгө. Гэтэл өнөөдөр цалин бага, ажиллах нөхцөл хүнд учир сувилагч дутагдаж эхэллээ. Бүх шатны эмнэлгүүдэд мэргэжилтэй ажилтны 10-55 хувь буюу хоёр мянга гаруй орон тоо дутагдалтай байна. Бид шаардлагын хариугаа 3 хоногийн дотор авна. Өнөөдөр мөн Эрүүл мэндийн яамны өмнө очиж салбарын сайдад шаардлага хүргүүлж байна” гэв.
Манай улсын 3 сая иргэнд эрүүл мэндийн 3244 байгууллага, 48.173 ажилтан, үүнээс 10.000 их эмч, 18.913 сувилагч, мэргэжилтнүүд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.