БАЙНГЫН ХОРОО ЗУРГААН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2018-04-18 Парламент

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.04.18) хуралдаан 13 цаг 22 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны оны нэгдүгээр сарын 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Батлан хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Улсын Их Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна. Тодруулбал, хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна” гээд 01 дүгээр дүгнэлтийг гаргасан билээ. Улсын Их Хурал 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Иймд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 32.3.5.-д заасны дагуу хуульд өөрчлөлт оруулан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгохоор уг хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр, хуулийн уг заалтыг хүчингүй болгосноор сөрөг үр дагавар гарах эсэхийг тодруулахад Ажлын хэсгийнхэн, Үндсэн хуулийн цэцийн 01 дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгосноор ямар нэг хуулийн хийдэл, сөрөг нөлөө гарахгүй гэж хариулж байлаа. Ингээд Батлан хамгаалах тухай (Шинэчилсэн найруулга) хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхасуудлыг хэлэлцсэн. Зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нийт өртөг 16.7 сая ам доллар байхаас тус банкнаас 2.0 сая ам, долларын техник туслалцаа, 5 сая ам долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байна. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, жилийн хүү (хувьсагч хүү) LIBOR+1 байх аж.

Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд тус тус танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Б.Энх-Амгалан, Н.Оюундарь, О.Содбилэг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, “Барилгын хог хаягдлыг баялаг болгож дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг дэмжиж байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь “Сангийн яам нийслэлийн хог хаягдлыг дахин боловсруулах асуудлын хүрээнд өмнө нь олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн үр дүнг нягтлан үзэх шаардлагатай” гэсэн санал хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Б.Энх-Амгалан нар “Зээлийн төслийн үр дүнг сайн тооцоолж, цаашлаад Монгол Улсын өрийн таазыг нэмэх эсэхэд анхаарах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Гэрээний төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулсан.

Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулжээ. Бүгд Найрамдах Беларусь Улстай “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, төслийг тохироод байгаа аж. Гэрээний төсөл 21 зүйлтэй бөгөөд уг гэрээгээр хоёр улсын эрх бүхий байгууллагууд, хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гаргуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг дэмжиж, байр сууриа илэрхийлсний дараа “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Дараа нь Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцууллаа.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд хамтран ажиллаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй зохион байгуулалттай тэмцэх боломжтой болдог байна. Манай улс одоогийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа аж. Бүгд Найрамдах Беларусь Улстай дээрх гэрээг байгуулахаар 2013 оноос эхлэн ажиллаж, 22 зүйл бүхий гэрээний төслийг тохироод байгаа юм байна. Гэрээний төслийн хүрээнд хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг, тухайлбал нотлох баримтыг олж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйл, хэрэгслийг хураан авах зэргээр тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж хариулт авсны дараа “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулсан.

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэх боломжтой болдог байна. Манай улс өнөөдрийн байдлаар 15 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлдэг бөгөөд 2014 оноос Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Беларусь Улстай байгуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд 23 зүйл бүхий гэрээний төслийг хоёр тал харилцан тохирсон бөгөөд энэ хүрээнд гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, шаардлагатай тохиолдолд гэмт этгээдийг түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон байна.

Гэрээний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92,9 хувь нь дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.