“Да хүрээ” захыг нүүлгэхийг шаардсаар байна

2018-04-17 Мэдээ, мэдээлэл

“Да хүрээ” захын авто зам нь дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй ч хоёр талын нэгдүгээр эгнээг автомашин худалдаалдаг хувь хүмүүс албан бус “зогсоол” болгосон. Үүнээс болж дүүргийн 8, 9, 17, 24 дүгээр хорооны оршин суугчид цаашилбал авто замаар зорчигч, үйлчлүүлэгчид байнгын түгжрэлд өртөж уур бухимдлаа бардаг. Иймээс дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбатад албан шаардлагыг дахин хүргүүлээд байна.

Төлөөлөгч Б.Дэмбэрэл нь 2018 оны хоёрдугаар сарын 28-нд болсон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөний үеэр энэ талаар асуулга тавихын зэрэгцээ энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх тухай өнгөрөгч сарын 09-нд № 3/83 тоот албан бичгийг дэд хурандаа Б.Сүхбатад хүргүүлсэн боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ авч арга хэмжээ аваагүй байна.

Тэр ч байтугай “Да хүрээ” захын ойр орчмын агаарын бохирдол, утаа тортогноос болж дээрх хорооны айл өрхийн зарим бага насны хүүхдүүдийн цусанд хар тугалга илэрсэн талаар эрүүл мэндийн байгууллагын шинжилгээ, иргэдийн санал гомдол ирээд байгаа билээ.

Иймд “Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбат Та хууль бус энэхүү “зогсоол”-ыг буулгах тал дээр яаралтай арга хэмжээ авахыг Төлөөлөгчдийн ажлын алба иргэдийнхээ өмнөөс мөн адил шаардаж байна” хэмээн тус хорооны иргэд шаардлага хүргүүлсээр байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.