Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
- Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр
- Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
- Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
- Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
- Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
- Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
- Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал
- “Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.