Шүлхийтэй мал оруулж ирсэн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцно

2018-04-2 Мэдээ, мэдээлэл

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг өглөө.

Шүлхийтэй мал тээвэрлэн оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаа. Шалгалтын хариуг ажлын тав хоногт гарган танилцуулж, хариуцлага алдсан иргэн болон албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр мал болон гахайн аж ахуй эрхэлж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг цэгцлэхийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд үүрэг болгов. Бусад дүүргийн удирдлагуудад ч өөрсдийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг энэ үеэр мөн анхаарууллаа.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамжийг хотын дарга өнгөрсөн онд гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс мал бүхий иргэдийг суурьшуулах газар, худаг ус, цахилгаанд холбоход шаардагдах хөрөнгийг Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн сард бүрэн шийдвэрлэсэн байна. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо.

“Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд албан тушаал, эрх мэдэл, унаа тэрэг бүгд бэлэн байгаа. Тиймээс шүлхий гарсны дараа сандрахаас өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ бол 1.3 сая гаруй иргэний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн МХГ, Мал эмнэлгийн газар, ОБГ-ын удирдлагууд бүгд хариуцлага хүлээх болно” гэдгийг хотын дарга онцгойлон анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.