-Шүүхийн ерөнхий зөвлөл, Мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн хорооны үе үеийн дарга, гишүүдийн уулзалт боллоо-
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн (сахилгын) хорооны үе үеийн дарга, гишүүдийн “Хүндэтгэлийн уулзалт” өнөөдөр (2018.04.02) боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг уулзалтаар шүүхийн захиргааны байгууллагын үүсэл, хөгжил, амжилт, ололтод үе үеийн дарга, гишүүдийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг хэлэлцэж, туршлагыг хуваалцсан юм.
1993 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны хуралдааныг гавьяат хуульч Н.Чадраабал даргалан 10 асуудал хэлэлцэж, анхны тогтоолоо баталж байсан түүхтэйг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж дурсаж, хүндэт зочдод хүндэтгэл үзүүллээ.
Н.Лүндэндорж: Дэлхийн чиг хандлагад тулгуурлаж шүүхийн захиргааны бие даасан загварыг байгуулсан
Хүндэтгэлийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэрбээр “Шүүхийн ерөнхий зөвлөл 1993, 2002, 2012 оны хуулиар бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн түүхтэй. 1993 оны Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл 12 гишүүнтэй, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байсан. Гишүүд дотроосоо даргаа сонгодог зарчимтай байсан. 2002 оноос гишүүдийн тоо хоёроор нэмэгдэж, дарга нь Хууль зүйн сайд эсвэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч хавсарч хийдэг тогтолцоотой болсон. Харин 2012 оны Шүүхийн тухай багц хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даалган байгуулж, орон тооны таван гишүүнтэй болгосон. Таван гишүүний гурав нь шүүхүүдээс нэр дэвшиж сонгогддог, нэг нь Хууль зүйн яам, нөгөө нь Хуульчдын холбооноос нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Даргыг нь гишүүдийн хуралдаанаас нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Ийм замналыг 25 жилийн хугацаанд туулж ирлээ. Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл өөрийнхөө түүхийг зузаалж, туршлага хуримтлууллаа. Шүүхийн захиргааны байгууллагын олон улсад байдаг загварыг эхний 20 жилд хоёуланг нь туршиж, эерэг сөрөг талыг нь харсан.
2013 оноос дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлж шүүхийн захиргааны бие даасан загварыг байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн тулгыг тулж, галыг бадрааж, тооныг өргөсөн Та бүхний туршлага дээр үндэслэж ийм загварыг бий болгосон гэдгийг онцолъё” гэсэн юм.
Шүүхийн захиргааны байгууллагын 25 жилийн төлөвшлийг хэлэлцэв
Шүүхийн захиргааны байгууллагын 25 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж дүгнэхдээ олон улсад байдаг шүүхийн захиргааны байгууллагын бүх загварыг туршиж, сайн туршлага хуримтлуулсан болон шүүхийн захиргааны бие даасан хуультай болсон, шүүхийн захиргааны бие даасан тогтолцоог бий болгосон, шүүхийн захиргааны тухай ойлголт, мэдлэг соёл тогтсон, шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг бүрэн тусгаарласан зэргийг тодотголоо.
Мөн шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд Үндсэн хуульдаа Шүүхийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүн, эрх хэмжээг заадаг олон улсын туршлага бийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга дурьдав.
Н.Чадраабал: Шүүгчийн хариуцлагыг ярих цаг болсон
Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааныг даргалагч, Гавьяат хуульч Н.Чадраабал “Зөв байгууллагын шанг зөв татсан гэж өнөөдөр дүгнэж байна” гээд “Бүтээх нь бүү хэл мөрөөдөж чадахгүй түвшинд шүүх өнөөдөр хүрч чадсан. Шүүгчийн ахуй нөхцөл ч маш их сайжирсан. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн төлөө маш сайн ажилласан. 1993 онд шүүхийг ногоон гэрэлтэй болгох зорилт тавьсан. Энэ зорилтыг тасралтгүй биелүүлж байгаа” гээд шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх талаар саналаа хэлсэн юм. “Шүүгчийн ажлын үр дүнг тооцох цаг ирсэн. Шүүгчийн босго өндөр байгаа ч иргэдийн итгэлийг хүлээхүйц ажиллаж чадаж байна уу зэргийг ярилцах ёстой” гэв.
Л.Баасан: Шүүгчдийг хөгжүүлэх шаардлага байна.
Мэргэшлийн хорооны анхны гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Л.Баасан “Шүүхийн мэргэшлийн комисс 1993 оны дөрөвдүгээр сарын 20-нд анх хуралдсан түүхтэй. Академич Ж.Амарсанаа даргалж, шүүгчдийг сонгон шалгаруулах асуудлаа шийдэж, тестээ боловсруулж эхлэлээ тавьж байлаа” гэж дурсаад “Мэргэшлийн хороо шүүгчдийг сонгон шалгаруулахдаа шүүхийн угшилтай, шүүхэд дадлагажсан хүмүүсээ сонгомоор байна. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат багшийн хувьд зарим шүүгчийг шүүмжилмээр санагддаг. Шүүгчдийг аттестатчлаж, өөрсдийг нь хөгжүүлмээр байна. Шүүгчдийг эрдэмтэд байгаасай гэж хүсдэг” гэв.
Д.Гансүх: Шүүхийн захиргааны бие даасан байгууллага богино хугацаанд үр дүнд хүрсэн
Сахилгын хорооны анхны гишүүн, Гавьяат хуульч Д.Гансүх шүүгчдийн ахмадын холбоо байгуулах, ахмад шүүгчдийнхээ ур чадварыг ашиглах саналыг дэвшүүлсэн юм.
Д.Гансүх хуульч 1995-2001 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, 2002-2005 онд Мэргэшлийн хорооны гишүүнээр ажиллаж байв. Тэрбээр “Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл бие дааж байгуулагдсанаар ил тод байдлыг хангах, сургалтын чанарыг дээшлүүлэх, гадаад харилцааг өргөтгөх, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангахад богино хугацаанд үр дүнд хүрсэн” гэж онцлов.
М.Дамирансүрэн: Шүүхээс шүүгчдийг төрүүлэх ёстой
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр 1993-2002 онд ажилласан, Гавьяат хуульч М.Дамирансүрэн “Шүүх орон нутагт конторгүй, төсөв нь өртэй гардаг, машин унаа, тавилга хэрэгсэлгүй байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ бүхнийг хангахад их ажил хийсэн. Сахилгын хороо ч багагүй ажил хийж, шүүгчдэд хариуцлага арга хэмжээ авч байсан түүхтэй” гэж дурсаад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийг шүүгчээр бэлтгэх, сонгон шалгаруулах талаар саналаа хэлсэн юм. Шүүхээсээ шүүгчдийг төрүүлэх нь зөв гэдгийг тайлбарласан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Ч.Дашням “Шүүхийн ерөнхий зөвлөл хамгаалчихна гээд шүүгчид тайвширдаг юм биш биз. Шүүгч ёс суртахуунаар цэвэр, ёс суртахуунаараа шүүхийг цэвэр авч явах ёстой. Шүүгчийг сонгон шалгаруулахад үүн дээр анхаараасай” хэмээсэн юм.
Уулзалтад үг хэлсэн зочид шүүгчийн ёс зүй, мэдлэг чадвар, хариуцлагыг дээшлүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл илүү анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байлаа.
Хүндэтгэлийн уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Түүхгүйгээр ирээдүй гэж байдаггүй. Түүхээсээ сургамж авбал урагшаа зөв алхдаг. Тиймээс Үндсэн хуулийн байгууллагын гал голомтыг бадраасан эрхэм хүмүүсийнхээ санаа бодлыг сонслоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн өмнө хийх ёстой ажил их бий. Шүүхийн дэд бүтэц хамгийн муу, тулгамдсан асуудал байсаар байна. Нийслэлд байгаа шүүхүүд дүүргүүдийн акталсан байрыг гуйж авдаг. Гадаадын байгууллагын байрыг түрээслэж үйл ажиллагаа явуулж буй шүүх бий. Шүүгчдийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх шаардлага байгаа талаар зочдын хэлснийг хүлээн зөвшөөрч байна. Эрх зүйн боловсролын тогтолцоог орхигдуулснаар Монголын шүүхийн ирээдүйд эрсдэл харагдаж байгаа. Энэ мэт олон асуудлыг шийдэх ажил их байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.